Баатарын НЯМСҮРЭН 

Чөлөөт бөх бол тогтоосон дүрмийн дагуу хоёр тамирчин барилддаг өрсөлдөөнтэй спортын нэг. “Зууны мэдээ” сонин Дархан-Уул аймгийн Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын дугуйланг онцлон сурвалжиллаа. 

 

Чөлөөтийн дугуйланд 150 гаруй сурагч хамрагдаж байна

Дархан-Уул аймгийн Спортын ордонд байрлах чөлөөт бөхийн дугуйлангаар зочлоход өсвөрийн тамирчид бэлтгэлээ базаагаад завгүй байв. Бэлтгэлийн танхимын хойморт төрийн далбаа, чөлөөт бөхийн логог байршуулжээ. Харин доод хэсэгт нь “Оролдлого сайт оройд нь гарна” хэмээх урмын үгийг сийрүүлжээ. Энэ үеэр тамирчид дэвжээн дээрээ  мэх техникээ давтаж, хоорондоо барилдаж хөлсөө урсгах нь тамирчны хөдөлмөр ямар үнэ цэнэтэйг  харуулна. Тамирчид долоон хоногийн таван өдөр бэлтгэлээ хийдэг гэж байв. Өдрийн ээлжид шинэ тамирчдын бэлтгэл ордог гэнэ. Дугуйлангийн 30 тамирчин удахгүй болох тэмцээндээ зориулж бэлтгэлээ хийж байхтай таарсан юм. 7-17 насны өсвөрийн тамирчид бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцдог гэнэ. Тэдний дунд аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтнууд байгаа. Тэдний дасгалжуулагч, багшийг Ё.Бат-Дархан гэдэг. Түүний хувьд  2008 оноос чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллажээ. Спортын мастер цолтой хөдөлмөрч нэгэн юм. Түүний ажлын гараа Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулиас эхлэлтэй гэнэ.  Гавьяат тамирчин Ц.Баярсайхан багшийн зөвлөгөөг дагаж дасгалжуулагчийн замналыг сонгосон байна. Түүний дугуйланд 150 гаруй сурагч хамрагддаг. Энэ талаар лавлахад “Заал, танхимын зай талбайдаа тохируулж тамирчдаа ээлжээр бэлтгэлийг нь базааж байна. Нэг хэсэг дөрвөн ээлжээр хичээллэдэг байлаа. Миний шавь нараас амжилт гаргасан тамирчид гэвэл Н.Наранхүү, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, О.Сүлдхүү, М.Дөлгөөн, Д.Оргилох, н.Тэнгис гээд шавь нар бий” гэлээ. Ё.Бат-Дархан багаасаа барилддаг байжээ. Тиймээс тамирчны жаргал зовлонг биеэрээ мэдэрсэн  нэгэн. Тэрээр өсвөр, залуучуудын улсын аваргад түрүүлж явсан гавьяатай.  Ё.Бат-Дархан багшийн бэлтгэл сургуулилтдаа баримталдаг зарчим цаг барих, сахилга бат суулгах, сайн хүн болоход нь анхаардаг аж. Спортоор хичээллэсэн хүмүүс аливаад шантардаггүй, уужуу ухаантай болдог гэдгийг онцолж байв. Тамирчид бусдыг хүндлэх их ухааныг  спортын замналаас суралцах нь бий. Шавь нарынхаа сэтгэл зүйг мэддэг болсон хэмээн ярих багшийн харцнаас бусдын төлөөх их сэтгэл мэдрэгдэж байв. Учир нь хүн бүр  харилцан адилгүй  зан төлөвтэй учраас үүнд нь тохирсон зөвлөгөө өгөх түүний нэг зарчим. 

 

Тогтмол тэмдэглэл хөтөлдөг  

Дугуйлангийн сурагчдын бэлтгэл хоёр цаг гаруй үргэлжлэв. Энэ хугацаанд дасгалжуулагчийн ажил амаргүй болох нь ажиглагдаж байлаа. Хүн бүртэй тулж ажиллахаас гадна, заавар зөвлөгөө өгч, аав шиг нь чин сэтгэлээсээ зааж сургахын төлөө ажиллаж байв. Бэлтгэлийн арга барилынхаа тухай Ё.Бат-Дархан багш “Амжилт гаргах нь тухайн тамирчнаас шалтгаална. Хүсэл тэмүүлэлтэй тамирчид цаанаасаа өөр байдаг.  Бэлтгэл дээр техник давтах их чухал. Мөн эзэмшсэн техникээ олон дахин давтаж  сайтар эзэмших хэрэгтэй. Миний хувьд тамирчдаа өөрийн арга барилтай болоход нь анхаарч байна. Тэмцээнээс сайтар дүгнэлт хийж, тамирчдынхаа бэлтгэлд анхаардаг. Алдаа дутагдлаа сайжруулах нь дараагийн тэмцээнд нь нөлөөлнө” гэлээ. Ё.Бат-Дархан багш тогтмол тэмдэглэл хөтөлдөг гэнэ. Тухайлбал, нэг тамирчны бэлтгэлийн бүхий л зүйлийг нь дэлгэрэнгүй бичдэгээ ярьсан юм.  Хөдөлмөрч багшийн зорилго нь сайн тамирчин бэлдэх. Тамирчид санхүүгийн асуудлаа өөрсдөө зохицуулдаг байна. Харин Ази болон бусад улсад зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцоход нь аймгаас нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэнэ. Мөн дэмжлэг сайн байхаар тамирчны амжилт дагаад нэмэгддэг талтай гэж Ё.Бат-Дархан багш онцолж байсан юм. 

 

Бэлтгэлийн үеэр өсвөрийн тамирчдын сэтгэгдлийг хуваалцлаа. 

 

Спортын дэд мастер М.Аманбек: Цаашид бөхийн спортоор тууштай хичээллэнэ 

-Би Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн сургуулийн XII ангид сурдаг. Чөлөөт бөхөөр найман жил хичээллэж байна. Бэлтгэл дээрээ ирээд бид нэг гэр бүл шиг байж чаддаг. Тиймээс бэлтгэлдээ ирэх дуртай. Би багадаа их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байлаа. Тиймээс бөхийн спортыг сонгон хичээллэсэн. Спортоор хичээллээд олон зүйлийн сурсан. Үүнээс онцолбол, тэвчээртэй байх, хүнлэг байх, бусдад туслах энэрэнгүй занг олж авсандаа талархдаг. Өнгөрсөн хугацаанд миний гаргасан томоохон амжилтууд гэвэл Зүүн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн “U15” тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангаж байлаа. Цаашид бөхийн спортоор тууштай хичээллэх зорилго тавьсан. ДАШТ болон олимпод амжилт гаргах хүсэлтэй. Шантрах үе гардаг. Гэхдээ давж гарахын төлөө өөрийгөө дайчилдаг. Тиймээс тусалж дэмжиж явдаг эрхэм хүмүүстэй талархаж явдгаа илэрхийлье. 

 

Д.Анужин: Анхны тэмцээндээ түрүүлж байлаа 

-Би өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас чөлөөт бөхөөр хичээллэх болсон. Өөрийгөө сорьж үзэх зорилготой энэ спортоор хичээллэж байлаа. Бэлтгэлийн багш, ах, эгч нараасаа үлгэр дуурайлал авч суралцдаг. Мөн чөлөөт бөхийн тамирчин Б.Хулан эгчийн барилдааныг үзэх дуртай. Өмнө нь хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байсан. Спорт хүнээс олон талын тэвчээр шаарддаг гэдгийг ойлгож авсан. Анх би сар гаруй хугацаанд чөлөөт бөхөөр хичээллээд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлсэн. Энэ тэмцээнээсээ их урам авч, илүү хөдөлмөрлөх болсон. Анх ээждээ хэлэхгүйгээр чөлөөт бөхийн бэлтгэлд хамрагдсан. Харин одоо бол гэр бүлийнхэн маань намайг дэмждэг. 

Тамирчдад тулгардаг хамгийн том асуудал бол бэртэл гэмтэл. Үүнийг Ё.Бат-Дархан багш алхам тутамдаа анхаарч, шавь нартаа сануулж, бие халаалтаа сайн хийхийг зөвлөж байлаа.  Нөгөө талаараа бэртэл гэмтэл нь тухайн тамирчны сахилга батаас шалтгаалдаг аж. Өсвөрийн тамирчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна Улсын аварга, бүсийн тэмцээнд амжилттай оролцсоор өдий хүрчээ. Тэдний нэгэн бахархам амжилт бол 2015-2019 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг нь түрүүлж байжээ. Харин 2018-2019 онд эмэгтэй баг түрүүлсэн аж. Дасгалжуулагчийн ажлаа хүнд хэцүү хэмээн голж байгаагүй багшийн үйлс арвин. Заасан мэх техникийг шавь нар хурдан сурахад урамтай байдаг хэмээн ярих нь сайхан. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 58 (7302)