Монголын худалдаачдыг ажилгүй болсон багш, эмч, ажилчид, малчид бүрдүүлдэг онцлогтой. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэд ажил хөдөлмөр эрхлэлтэд тооцогдохгүй явсаар орхигдсон давхарга болоод байна. Энэ талаар "Монголын худалдаачдын холбоо"-ноос мэдээлэл хийлээ. 

"Монголын худалдаачдын холбоо" удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсайхан "Бичил худалдаа эрхэлж буй иргэдийн 70-80 хувь нь өндөр хүүтэй өдрийн зээл гэх жилийн 120-360 хувийн хүүтэй санхүүгийн луйврын хохирогчид болон дарлуулан амьдарч байна. Санхүүгийн алдагдалд оруулж байгаа өндөр хүүтэй өдрийн зээлийг хуулиар хориглож, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүү багатай санхүүгийн эх үүсвэр бий болгож худалдаачдыг дэмжих сан байгуулах шаардлага хэдийн бий болоод байна. мөн өөрөө өөртөө ажлын байр бий болгох, хүнд хэцүү нөхцөлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаа үйлчилгээний салбарын иргэдээ төр бодлогоор дэмжих цаг нь болсон. Үүнд хамгийн нэгдүгээрт Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалт гэгчийг үгүй болгох хэрэгтэй. Нэг, хоёрхон аппликейшны өндөр хүүгээс болж энэ жагсаалтад орсноор худалдаа үйлчилгээгээ явуулах ямаарч боломжгүй болоод байна. Энэ бол иргэдийн амьдралыг хүндрүүлж буй хамгийн том асуудал" гэсэн юм. 

Цаашлан "Монголын худалдаачдын холбоо"-ны тэргүүн Э.Урантөгс  "Энэ 2024 онд УИХ-ын сонгуулийн жил тохиож байгаатай холбогдуулан улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Тэд худалдаачдыг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг хүргүүлж байна. 1990 оноос хойш худалдаа үйлчилгээ нь ямар ч дүрэм журамгүй, чөлөөт эдийн засаг хэмээн нэрлэгдсээр ирсэн. Харин одоо худалдаачдыг дэмжих, зохицуулах хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай" гэлээ. 

Эх сурвалж: www.zms.mn