Н.ЖАРГАЛМАА

 

Дэлхийн сансрын долоо хоногийг тохиолдуулан хүн сансарт нэг жилээс урт хугацаанд байвал биед ямар өөрчлөлт гардаг талаар орчуулан хүргэж байна. Есдүгээр сарын 27-нд НАСА-гийн сансрын нисгэгч Фрэнк Рубио олон улсын сансрын станц /ОУСС/-д 371 хонож АНУ-ын шинэ амжилтыг тогтоосон билээ. Сансарт хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн хүн бол Оросын сансрын нисэгч Валерий Поляков юм. Тэрбээр 1990-ээд оны дундуур "Мир" сансрын станцад 437 хоног ажиллаж хүн төрөлхтний хамгийн дээд амжилтыг тогтоосон байна.

 

Булчин ба яс

Дэлхийн таталцлаас холдсоноор булчин масс болон ясанд сөргөөр нөлөөлдөг. Учир нь татах хүч байхгүй болсноор жингүйдэлд хүний булчингийн хөдөлгөөн багасаж идэвхгүй байснаар хатингаршил үүсдэг байна. Жингүйдэлд хоёр долоо хоногийг өнгөрүүлэхэд булчингийн масс 20, 3-6 сарын урт хугацааны нислэгт 30 хувиар буурдаг байна. Булчингийн нэгэн адилаар хүний араг яс механикаар хөдөлгөөнд орж ачааллахгүй байснаар яс эрдэсгүйдэж, бат бэх байдлаа алддаг ажээ. Мөн сансрын нисгэгчид ОУСС-д байхад нуруунд суналт үүсдэг учраас бага зэрэг өндөр болдог байна.

 

Жин хасалт

Тойрог замд эрүүл жингээ хадгална гэдэг хэцүү. Хэдийгээр НАСА сансрын нисгэгчиддээ олон төрлийн тэжээллэг хоол хүнсээр хангадаг ч сансрын станцад ургуулсан зуушны навч жин хасахад нөлөөлдөг байна. НАСА-гийн өөр нэг нисгэгч Скотт Келли ОУСС-д 340 хоног ажилласан байна. Түүний биед хийсэн шинжилгээгээр тойрог замд байхдаа биеийн жингийн долоон хувийг алджээ. Мөн түүний гэдсэн дэх бактери бичил биетүүд сансарт нисэхээс өмнөх үетэй харьцуулахад их өөрчлөгдсөн байна.

 

Нүдний хараа

Дэлхий таталцлын улмаас хүний цусны эргэлт доошилж, зүрх цусыг дахин шахдаг байна. Харин сансарт энэ үйл явц хяналтгүй болдог. Хэдийгээр хүний бие үүнд дасан зохицсоор байдаг ч цус толгойд ердийнхөөсөө их хуримтлагддаг. Тархинд хуримтлагдаж буй цусны зарим нь нүдний арын хэсэг болон нүдний мэдрэлийн эргэн тойронд хуримтлагдаж хаван үүсгэдэг. Улмаар хараа муудаж, нүдний бүтцэд өөрчлөлт орох, холын хараа муудахад хүргэдэг аж. Сансарт гарснаас хоёр долоо хоногийн дараа энэ өөрчлөлтүүд бий болдог. Мөн тэднийг дэлхийд буцаж ирснээс жилийн дотор харааны зарим шинж өөрчлөгддөг ч зарим нь тогтож үлддэг байна.

 

Мэдрэлийн тогтолцоо

Хүний тархи мэдрэлийн тогтолцоо өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд хамгийн чухал үүрэгтэй. 2014 онд сансарт 169 хоног ажилласан Оросын сансрын нисгэгчид хийсэн судалгаагаар тойрог замд байх хугацаанд түүний тархинд зарим өөрчлөлт гарсныг илрүүлжээ. Хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотой тархины хэсэгт өөрчлөлт ордог байна. Жингүйдэлд хүний биеийн хөдөлгөөн дэлхийтэй харьцуулахад хязгаарлагдмал байдагтай холбогдуулан тархины тэр хэсэг идэвхгүйждэг байна. Мөн тархи нугасны шингэнийг хадгалдаг, тархийг шим тэжээлээр хангах үүрэгтэй тархины хөндий хавдаж, дэлхийд ирсний дараа хэвэндээ ороход гурав жил шаарддаг байна. 

 

Арьс

Одоогоор НАСА-гийн таван нисгэгч сансрын тойрог замд 300 гаруй хоног ажилласан байна. Тэдгээрээс Скотт Келли өөрийн арьсыг цайрч байсныг мэдсэн байна. Түүнийг дэлхийд бууснаас зургаан хоногийн дараа арьс нь мэдрэмтгий болж тууралтууд гарч эхэлжээ. Түүний биед орсон өөрчлөлтүүдийн хамгийн чухал нь ДНХ-ийн хэлхээнд орсон өөрчлөлт юм. Хүний ДНХ-ийн хэлхээний төгсгөлд теломер гэх уураг бий. Энэ нь бидний генийг гэмтэхээс хамгаалж байдаг. Нас ахих тусам теломер богиносдог ч сансрын нисгэгчдэд хийсэн судалгаанаас үзэхэд тэдний теломерын урт өөрчлөгдсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)