-Хот байгуулалтын тухай хуулийн зарим асуудлууд-

 

Монгол Улсын зөвлөх архитектор (Ph.D) Ж.Алтансүх

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тус хууль 2008 онд анх батлагдсан. 2015 онд зарим өөрчлөлтийг оруулсан байдаг. УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолын дагуу “Хот байгуулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг хийх шийдвэр гарсан. Харамсалтай нь энэ нь хэрэгждэггүй олон хуулийн нэг гэж болно. Тиймээс шинэчилсэн найруулгыг оновчтой, мэргэжлийн талаас нь тодорхойлж бодит хөрсөнд буулгаж хэрэгжүүлээсэй хэмээн хүсч зарим санааг асууда болгон  дэвшүүлэн тавьж байна.

 

ХЭРЭГЖИЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХ ХУУЛИЙН АГУУЛГА ХЭТ ЯВЦУУ БАЙНА

2019 оны байдлаар Монгол Улс нийслэл, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумдад гурван сая 296.3 мянган хүн ам суурьшин амьдарч байгаагийн байгаагийн 68.5 хувь нь Улаанбаатар хотод амьдарч буйг статистик мэдээллээс харж болно.

Одоогийн манай хот байгуулалтын тухай ойлголтуудыг эрх зүйн үүднээс нь авч үзвэл ойлгомжгүй асуудал олон байна.  Аймаг, нийслэл, хот тосгон, хот хөдөө, чөлөөт бүс зэрэг нь цэгцэрсэн системгүй харагддаг. Өөрөөр хэлбэл, нийслэл болон аймгууудын төв нь хот байх уу. Хөдөө орон нутагт аль нь багтах вэ. Бүс, тулгуур төв хэмээн нэрийддэг газруудаа зөв эрэмбэлж, оновчтой зохион байгуулж чадсан уу. Зургаан аймгийн дунд хоёр төвтэй байх нь хэр оновчтой шийдэл вэ гээд тоочоод байвал асуудлууд барагдахгүй. Хэдийгээр эдгээрийг цогцлоон барьж байгуулж болох ч яг одоогоор бүрэн утгаараа хэрэгжиж, үр дүнгээ өгсөн нэг ч тулгуур төв, чөлөөт бүс алга гэвэл хилсдэхгүй.

Тиймээс 2008 онд баталсан Хот байгуулалтын тухай хуулийн зарчмын зарим асуудалд анхан шатны шинжилгээ хийснээ уншигч танд хүргэе.

Хуульд хэрэглэсэн нэр томъёонуудын хамгийн эхэнд хуулийн 3.1.1-д “хот байгуулалт” гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг хэлнэ гэжээ.

Уг хууль нь хот байгуулалт, төлөвлөлтийн зарчим, хот байгуулалтын үйл ажиллагааны талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, хот байгуулалтын баримт бичиг, хот, тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэл, хот төлөвлөлтийн үйл ажиллагаа, хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах, хот байгуулалтын кадастр болон хот байгуулалтын үйл ажиллагаанд тавих хяналт, шинжилгээ гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа юм. Хамгийн энгийн шинжилгээний үүднээс энэ жагсаалтыг харахад:

üХот байгуулалт, хот төлөвлөлтийн асуудлууд салж, нийлж холилдсон,

üЗөвхөн хот, тосгоны нутаг дэвсгэрийн тухай асуудлыг сууршилаас салган тодохойлсон

üХот байгуулалтын үйл ажиллагааны зарим асуудлуудыг нь бусдаас нь тусгайлан салгаж тавьсан.

üДээрх асуудлуудыг цогцоор нь агуулдаг архитектурын шинжлэх ухааны суурь ойлголтыг тусгаагүй.

Мөн хуульд 18 нэр томьёог тодорхойлж, УИХ-ын тав, Засгийн газрын долоо, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 12, аймаг, нийслэлийн ИТХ-ын долоо, Засаг даргын зургаан бүрэн эрх, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын найман эрх, үүргийг зааж, хот байгуулалтын есөн баримт бичгийг тогтоож өгчээ.

Эдгээр нь хүн амын нутагшилт болоод бусад хамааралтай төсөл, хөтөлбөр, сууршилийн ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоныг хөгжүүлэх,  барилга байгууламжийн зураг төсөл, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх зэрэг төслүүд юм.

Эндээс харвал одоогийн үйлчилж байгаа, шинэчлэн найруулах гэж байгаа хуулийн агуулга нь хэт явцуу байгаа гэсэн дүгнэлт хийж болох юм. Өөрөөр хэлбэл, хотыг үндсэндээ барилгажилт, бичиг баримтын асуудлыг тойрон голлон тодорхойлжээ. Энэ нь хуульд үндсэн суурь нэр томьёо “ХОТ” гэдэг үгийг орхигдуулснаас салбар хууль, төсөл хөтөлбөр, журмуудад есөн янзаар, өөр өөрийн мэргэжлийн өнцгөөр томьёолж хуульчилсан байна.

 

КОНЦЕПЦИЙН ЧАНАРТАЙ АГУУЛГЫН ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ

Архитектурын шинжлэх ухааны утга аргачлалаар хуулийн зүйл, заалтыг авч үзвэл, Хот байгуулалтын хууль нь улс үндэсний хэмжээний хүн амын нутагшилт, суурьшил, соёлын асуудлыг мэргэжлийн өнцөгөөс нь хөндөх ёстой.

Монголчууд өөрийн онцлогтоо тохируулан суурин соёл, нүүдлийн соёл иргэншлийг хослуулсан хэлбэрт нийцүүлэн нэр томьёог оновчтой болгож хөгжүүлэх учиртай.  Хот суурингийн хүн ам нь төвлөрсөн хот суурин, тосгонд орон сууц, барилга байгууламжаа барьж суурьшин “хот цогцлоох” нь зүйтэй. Харин хөдөөгийн хүн ам нь “хот айл”-ын уламжлалт ахуй соёл, мал аж ахуйн хөдөлмөрийн хуваарьт тулгуурласан орчин үеийн дижитал эриний ололтыг ашигласан үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэх хэлбэрээр амьдрах ёстой гэсэн зарчмын саналыг дэвшүүлж байна. Улс орны хэмжээний хүн амын нутагшилт, суурьшлын асуудал нь “ХҮНСЕТ”  /хөгжил, үндэсний нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөө”/ гэх суурь, цогц концепци  төсөлд суурилсан, архитектурын төсөл, хөтөлбөр, зураг төсөв, бичиг баримтын дагуу мэргэжлийн удирдлагаар хангаж, урт хугацаанд үе шаттайгаар залгамж чанартай, тасралтгүй үргэлжлүүлэх, цогцлоох үйл ажиллагаа юм.

Хот байгуулалтын тухай хуульд концепцийн чанартай агуулгын өөрчлөлт хийхгүй бол хэрэгждэггүй, мөрдөгддөггүй баримт бичгийн жагсаалт, архитектур гэдэг цогц ойлголтын  зөвхөн “хот байгуулалт” гэдэг нэр томьёоны тайлбар тодорхойлолтын олон хувилбартай цаасан цуглуулга хэвээрээ байх болно.

Мөн хуулийн шинэчлэлд улс орны хэмжээний нийт хүн амын нутаг дэвсгэр дэх суурьшлын бодлого, төлөвлөлтийг хийхдээ “ХОТ ЦОГЦЛООХ”  болон “ХОТ АЙЛ”-ын уламжлалт ахуйг хадгалсан орчныг бүрдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хот, хөдөө ялгалгүй “гэр хороолол”-ыг хөгжүүлэх цогц ойлголтуудыг тодотгож оруулах зайлшгүй шаардлагатай. Нөгөөтэйгүүр, орон нутаг хийгээд нийслэлийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, нийгмийн асуудлыг хэрхэн зохицуулах, хэн хариуцах эсэхийг нь нарийвчлан тодорхойлж жигд хөгжлийг бий болгоход анхаарах. Үүнд иргэд, төрийн байгууллагуудын оролцоо, мэргэжлийн удирдлага, бодлого, төлөвлөлт, хотын нийгэм, техно-эдийн засаг, хөрөнгө оруулалт гэсэн бүлэг, цогц ойлголтуудыг тодотгож нэмж оруулах шаардлагатай.

 

ХУУЛЬЧЛАГДСАН СҮЛЖЭЭ

Одоо хэрэгжиж байгаа болон шинэчилсэн найруулгад хуулийн агуулга, үйлчлэх хүрээг оновчтой тодорхойлоогүй. Түүнээс гадна зарим хуульд заасан зүйлийг давхардуулж  төрийн байгууллагуудын бүрэн эрх, мэргэжлийн үйл ажиллагаан хоорондын оновчтой уялдаа холбоо, харьцааг зөв тогтооход байнга анхаарч, хөгжүүлэх ёстой.

Дээрхийг дурдсаны учир нь Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүдэд хуулийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн удирдлагыг орхигдуулж, улстөрийн томилгоог хуульчилж хэрэгжүүлсэн нь “хот байгуулалт”-ын “Завхрал”-ыг үүсгэж байгаа юм. Тиймээс шинэчилсэн найруулгад мэргэжлийн удирдлагын тогтолцоог хуульчилж өгөх шаардлагатай. Ингэснээр төрийн захиргааны хүнд суртал, хуульчилсан мэргэжлийн бус сүлжээ устгах боломж бүрдэнэ. Түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэгч баримт бичгийг “ХОТ”-ын үндсэн тулгуур баримт бичиг болгож хуульчилснаас хот суурингийн эдэлбэр газрыг дайны талбар, наймааны зэвсэг болгох, үргэлжлүүлэн хуульчлах эрсдэлийг дагуулсаар байна.

Хот байгуулалтын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 11 дүгээр зүйлд нэр бүхий есөн баримт бичгийг тогтоосон эрэмбээс авч үзвэл, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг тэргүүнд нь тавьсан байгаа юм. Гэтэл энэ чухал суурь баримт бичгийн тодорхойлолтоо хуулийн нэр томьёондоо тусгаагүй атлаа 4, 5, 8, 9-т эрэмбэлсэн баримт бичгүүдийг нэр томьёо болгон оруулжээ. Зүй нь эхэнд эрэмбэлэгдсэн асуудал нь тулгуур багана байх учиртай. Цаашилбал, бичиг баримт төдийгөөр тусгахаас илүүтэй гол баримт гэдгийг томъёолох ёстой.

Түүнээс гадна тус хуулийн 3.1.15-д “гэр хорооллын төлөвлөлт” гэдэг нэр томъёог ганцхан удаа оруулахдаа уламжлалт ахуй, гэр гэдэг шилдэг архитектур, түүх соёлын уламлжлалыг устгах агуулгаар тусгасан байна. “Гэр хороолол” нь зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч бий. Үндэсний соёл, уламжлал, биет болон биет бус оюуны өвийг тээсэн гэрийг орчин үеийн технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлэн хөгжүүлэх асуудлыг дэмжиж хуульчлах шаардлага бий.

Энэ мэтчилэн хуульд мэргэжлийн нэр томъёог нэгдсэн ойлголтоор зөв тодорхойлж хуулийг дагалдан гарах багц хууль, хэрэгжүүлэх дүрэм, журам, зааварт тусгаж өгөх нь зүйтэй.

 

ОРХИГДСОН СУУРЬ ОЙЛГОЛТ

“Архитектур, хот цогцлоох” гэдгийг шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Монгол үндэстний мянга мянган жил туулж ирсэн түүх, өөрийн соёл уламжлалд тулгуурлан хот орд, хот айл, гэр, хэлбэрээр суурьшиж ирсэн оюун санааны биет болон биет бус өвийг тээж яваа  монголын  төлөвлөгч архитектор, МОНГОЛЫН АРХТЕКТУР-ын түүхэн хөгжлийн тухай асуудал юм. Тиймээс “архитектур, хот цогцлоох” тухай суурь ойлголтыг хуульд тодотгон тусгах нь хуулийн тулгуур зарчмын нэг асуудал.

Бид архитектурыг зөвхөн хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичгийг засаг захиргааны удирдлага, хөрөнгө оруулагч, барилга захиалагчын хүсэл даалгаварыг боловсруулдаг техникийн гүйцэтгэгч, инженерүүд гэж ойлгодог. Тэгвэл хүн нийгэм, техно-эдийн засгийн захиалга, хүсэл эрмэлзлэлийг  уламжлагдан ирсэн түүх, соёл, суурьшилыг байгаль орчинтой цогцоор нь архитектурын шинжлэх ухааны арга аргачлалаар  урлаг болгон цогцлоох тухай асуудал юм.

Мэдээж үүнийг Монгол орны нийт нутаг дэвсгэрээр нь улс орны хэмжээний хүн амын нутагшилт, амьдран суух, орон зайн оновчтой байршил, бүтцийн тухай асуудлыг бусад салбаруудын ерөнхий бодлого төлөвлөлтийг нэгдсэн байдлаар нэгтгэж олон хэмжээст орон зайн төлөвлөлтөөр хоорондын нарийн харилцаанд нь архитектур төлөвлөлтийн арга аргачлалаар гүйцэтгэж цаашид хөгжих хөгжлийн чиглэлийг тодорхойлох явдал юм.

Одоогийн хуульд хэргэлгээний шинжлэх ухааны архитектур гэдэг өргөн хүрээтэй цогц ойлголтыг нэр томьёондоо тодорхойлж оруулаагүй мөртлөө түүний салбар чиглэл бүрийн гүйцэтгэдэг мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн технологийн төлөвлөлтийн дараалал бүхий ажилбарыг орхигдуулж архитектурын гүйцэтгэгчийн тухай оруулсан нь “ХОТ” гэдэг хамтын бүтээлийг цогцоор нь хэрэгжих бололцоог алдагдуулж утаа, түгжрэл, агаар, орчны бохирдолт, “хуулбар цаасан хот”-уудыг үргэлжлүүлэн бий болгох эрх зүйн харалган орчныг бүрдүүлсэн гэлтэй.

Хуулийг шинэчлэн найруулах явцад бидний ярьж байгаа зарчмын асуудлууд тусгагдахгүй тохиолдолд хууль одоогийнх шигээ хэрэгждэггүй, түүхий, “цаасан” хууль хэвээрээ байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.25 ДАВАА № 17 (6494)