Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.  

-Нийслэл хотын үүд хаалга, өнгө төрхийг тодорхойлсон  Хан-Уул дүүрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Хан-Уул Эко дүүрэг” болгох зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж ажилласан. Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлэн гадна талбайг цэцэрлэгжүүлэн ажиллалаа.

Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөвшөөрлийн эрхийг цуцлуулан цэцэрлэг, сургууль барьж, ногоон байгууламж бүхий долоон цэцэрлэгт хүрээлэн барьж байгууллаа.  Энэ мэтчилэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүрэг бүхий салбартаа Эко жишиг үйлчилгээ, эко байгууламж бий болгон ажиллаж байна. Үргэлжлүүлэн ирэх дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул Эко дүүрэг маань “Хан-Уул Эрүүл дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллана.  Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийн бохирдлыг цэвэршүүлэх чиглэлээр судалгаа хийж холбогдох байгууллагуудтай хамтран хөрсний бохирдлыг бууруулах ажил зохион байгуулна. Байгалийн нөөцийн хууль бус ашиглалт, нөхөн сэргээлтэд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана. 

Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2021.1.4 ДАВАА № 1 (6478)