А.Түвшинжаргал: Энэ жил гэр хорооллыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана

1-р сарын 4, 2019 8:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 9
1-4-5

Д.ЦЭНД-АЮУШ

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай ярилцлаа. Тэрээр   аймгийн нийгмийн асуудал хариуцан ажилладаг ажээ.

-2018 онд аймгийн нийгмийн салбарт ямар онцлох ажлууд хийв?

-Энэ онд  сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өндөр сумын  Яргуйт, Булаг багт 150 хүүхдийн цэцэрлэг, Баянбулаг багийн 16 дугаар сургуульд урлаг, спортын заал, нэгдүгээр сургуулийн дэргэд 928 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

Харин эрүүл мэндийн салбарт ч мөн тодорхой ахиц дэвшил гарч байна. 2017 онд “Элэгний вирусгүй Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж тодорхой амжилтад хүрсэн бол 2018 онд энэ хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж “Эрүүл эрдэнэтчүүд” хөтөлбөр болгон хэрэгжүүлж байна.

Эрдэнэт хотыг барьж байгуулахад залуу насаа зориулсан ахмадуудад зориулсан “Анхдагч” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаад тэд талархалтай байдаг. Зууны манлай бүтээн байгуулалт болсон энэ үйлдвэр Эрдэнэт хотыг барьж байгуулахад залуу насаа зориулсан ахмадуудынхаа гавьяаг бид мартах учиргүй. Тиймээс Орхон аймаг маань “Анхдагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Энэ зун “Эрдэнэт үйлдвэр” компанийн  40 жилийн ой ч мөн тохиолоо. Аймгийн удирдлагуудын зүгээс “Эрдэнэт үйлдвэр” компанид санал тавьснаар  Зууны манлай бүтээн байгуулалтад гар бие оролцож, ажиллаж хөдөлмөрлөж явсан ахмадууддаа тус бүр нэг сая төгрөгийн дэмжлэг өгүүлсэн.  Түүнчлэн “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

-Амралт, чөлөөт цагийн талбайг нэмэгдүүлэх саналыг хүүхэд, залуучууд их гаргадаг. Энэ жил олон газар хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн спорт заал барьжээ?    

-Хүний хөгжилд чиглэн хэрэгжиж байгаа 18 дэд хөтөлбөрийн нэг нь “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөр юм. Яалт ч үгүй залуучуудын маань хүсэн хүлээж байсан нэг ажил л даа. Энэ хөтөлбөрийн хүрээнд V сургуулийн гадна талбайд сагсан бөмбөг, волейболын талбай, ширээний теннис, турник зэрэг тоног төхөөрөмжийг шинээр хийж тохижуулсан. Лаборатори VIII сургуулийн гадна талбайд теннисийн ширээ, сагсан бөмбөг, волейболын гадна талбай, XX сургуулийн гадна талбайд ч шинээр байгуулагдаж ашиглалтад оруулсан.

Мөн нийтийн эзэмшлийн 11 тоглоомын талбай, Эрдэнэ багийн I, II гудамж, Хабитат тус бүрт 3х3 харьцаатай сагсан бөмбөгийн талбай, Яргуйт багийн ажлын албаны дэргэд элсний волейболын талбай, Овоотын VIII гудамжинд залуучуудын оролцоотой сагсан бөмбөгийн талбай,  IV сургуулийн биеийн тамирын заалыг 41.5 сая төгрөгөөр тохижуулж, 17 дугаар сургуулийн спорт зааланд шалны завсарын ажил  хийсэн. Баянбулаг багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал барихаар барилгын карказын ажил, 16 дугаар сургууль дээр 12х24-ийн харьцаатай спорт заал шинээр барьж байна.

-Орон нутгийн төр захиргааны гол бодлого “Хүний хөгжил” рүү чиглэж байгаа гэлээ?

-Мэдээлэлтэй ард түмэн ямагт хүчирхэг байдаг. Иргэдэд төрийн зүгээс өгөх мэдээллийг сайжруулах талаар бид нэлээд анхаарч ажиллаж байгаа. Шат шатны төрийн байгууллагуудад ч энэ чиглэлийн үүрэг даалгавар өгдөг. Нөгөө талаас иргэдээс гарч буй саналыг ч мөн төрийн байгууллага ажилдаа тусган хэрэгжүүлж, иргэдийнхээ амьдрал дунд орж ажлаа хийхийг зорьж байна.

-Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг хоёрын хамтын ажиллагаа ямар төвшинд байна вэ?

-2018 оны есдүгээр сард 2.6 тэрбум төгрөгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Манай аймаг 100 гаруй мянган хүн амтай залуусын хот боловч гэр бүлээрээ чөлөөт цагаа хамт өнгөрөөх, аялал жуулчлалыг татах тохь тухтай газар ховор. Залуусаас ч энэ талаар санал их гардаг. Үүнийг судлаж үзээд Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэлсэн Энэ цэцэрлэгт хүрээлэнд 1.6 тэрбум төгрөг нь зориулах юм.

-Түрээсийн орон сууцны талаар иргэд нэлээд сонирхож асуудаг. Нэг хэсэг зогсонги байдалд орчихсон энэ ажил цааш үргэлжлэх болов уу?

-2016 онд биднийг ажил авахад Түрээсийн орон сууц хөтөлбөр бүрэн зогсчихсон байсан. Юутай ч манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд ТОСК болон Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай  ярилцаж хөөцөлдсөний хүчинд Орхон аймагт барьж байгаад хөрөнгөгүйн улмаас царцаагдаад байсан 315 айлын орон сууцны үлдэгдэл санхүүжилтийг 100 хувь шийдвэрлүүлж чадсан.

-Харин 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалт ямар чиглэлээр зарцуулагдах төлөвтэй байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотын төвийн хэсэг буюу бичил хорооллуудад нэлээд хөрөнгө оруулалт хийсэн байна. Ялангуяа, байрнуудын пассад будах, заадсын засвар, дээврийн засварыг хийх, орц хонгилын хортон шавьж устгал гээд нэлээд хэмжээний мөнгө орон нутгийн төсвөөс зарцуулсан байна. Тооцож үзэхэд 2016 оноос хойш нийт 6.3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хотын төвийн бичил хороололд зарцуулжээ.

Харин захын гэр хороололд таван ханатай гэр бариад суудаг Бат, Дорж нар гэрийнхээ дээвэр туургыг солиулъя, эсгий аваад өгөөч гэдэггүй л байхгүй юу. Тиймээс бид дараа дараагийн жилүүдэд гэр хорооллыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах бодлого барина. Инженерийн шугам сүлжээнд холбох, агаарын бохирдлыг бууруулах, гэрэлтүүлэг болон камержуулалтыг нэмэгдүүлэх, автозамуудыг нэмж тавих, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, үерийн далан байгуулах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдруулах гээд олон тулгамдсан асуудлууд гэр хороололд үлдээд байна. Бид үүнд түлхүү анхаарч ажиллана.

-2018 онд нэлээд олон цэцэрлэг, сургууль барилга объект шинээр ашиглалтад орсон. Үүнийг дагаад тодорхой хэмжээгээр ажлын байр нэмэгдэж байгаа. Цаашид иргэдээ ажлын байраар хангах чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрдэнэтчүүд-Эрдэнэтчүүддээ хайртай” гэсэн дэд хөтөлбөр хэрэгжиж байна. 2016 онд биднийг ажил авч байхад тухайн гэр бүлээс нэг ч хүн ажил эрхэлдэггүй 2800 орчим өрх байсан. Бид шат дараатай арга хэмжээ авч ажилласнаар одоогийн байдлаар 1500 орчим ажил эрхэлдэггүй өрх үлдээд байна. Цаашид үүнд анхаарч ажиллана.  Ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэд өөрсөддөө ажлын байр гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр аймгийн ХХҮГ тодорхой чиглэл барин ажиллаж байгаа. Энэ 2018 онд гэхэд 26 дугаар цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж 40 гаруй шинэ ажлын байр нэмэгдсэн. Баянбулаг багийн цэцэрлэг ашиглалтад орвол 20 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж байна. Цаашид Булаг, Яргуйт багийн цэцэрлэг, 16 дугаар сургуулийн урлаг, спортын заал, I сургуулийн өргөтгөл ашиглалтад ороход мөн шинээр ажлын байр нэмэгдэнэ. Иргэдээ ажилтай, орлоготой байлгах талаар хувийн хэвшлийнхэнтэйгээ ч мөн хамтран ажиллаж, онцгой анхаарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.4 № 3 (5970)