А.Гантулга: “Багш аа, хүү нь хожчихлоо” гэсэн мессэжийг аваад хөл газар хүрэхгүй баярласан

8-р сарын 13, 2012 11:13 am Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 705

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Амьдралын тойрог” энэ удаа Гавьяат тамир­чин, Олимпийн мөнгөн медальт  Н.Төгсцогтын анхны багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгыг зорилоо. Дугаарын зочноор урьж, цаг товлох гэтэл А.Ган­тулга багш олдохгүй, ганц түүний ч биш Монголын боксынхны утас холбог­дохгүй багагүй эрэлд га­рав. Эцэст нь  Төв аймгийн Заамар сумын нутаг “Шижир алт”  компаниас зохион байгуулж буй өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах  11 дэх удаа­гийн  боксын тэмцээнд шавь нартайгаа хамт орол­цож байгааг дуулж аяны жолоогоо тийш  заллаа.

 “Шижир алт” компа­нийн боксын клубэ­эс зохиодог тус тэмцээн  Монголын  өсвөр үе, залуу боксчдын  чансааг тодор­хойлдог нэр хүндтэй томоохон тэмцээнүүдийн нэг. Монголын бахархал болж буй Н.Төгсцогт маань энэ л тэмцээнд анх А.Гантулга багштайгаа оролцож  алт, мөнгөн медаль хүртсэнээр бокс­чин болох замаа эхэлж байсан түүхтэй.  Тэгвэл өнөөдөр Олимпийн рин­гэнд хүч үзэж, багш нь олимп, дэлхийн авар­гуудын зал­гамж халааг бэлтгэн шавь нараа да­гуулчихсан “Шижир-Алт” ХХК-ийн нэ­рэм­жит тэм­цээнд оролцож байгаа нь бас л нэгэн  түүх. Нө­гөөтэйгүүр, “Шижир алт-11” боксын тэмцээ­ний шигшээ тоглолт, Олим­пийн аваргуудын тулаан буюу финалын тог­лолттой давхцаж байгаа­гаар онц­лог юм. Өөрөөр хэлбэл, Монголын боксч­дын за­рим нь Олимпийн дэв­жээнээс амжилтын ургац хурааж байгаа бол энд нэг хэсэг нь дахиад л  шинэ ногоо тарьж байгаа нь энэ. Өсвөр үе, залуу­чуудын  боксын тэмцээ­ний шиг­шээ тоглолтыг  ийнхүү Олимпийн фи­нал­тай давх­цуулсан нь дас­галжуу­лагчдын нарийн  ухаан, “Ах нар чинь чад­сан юм, та нар чадна” гэсэн итгэлээр тамирчдаа хөг­лөсөн нэг ёсны  сэтгэл­зүйн бэлтгэл гэлтэй. Мэдээж, тэдэн дотор  ирэх Олимпийн аварга, мон­гол­чуудын найдвар байж л байгаа. Тийм  учраас,  “Амьдралын тойрог” булан маань А.Гантулга багш төдийгүй Монголын боксч­­дын амьдрал, зам­нал, нэгэн түүхт үеийг сонины хуудаснаа үлдээх аз тохиолоо гэж бид дотроо олзуурхаж явлаа. 

Бид өнгөрсөн баасан гаригийн 15.00 цагт  хө­дөлсөн ч хотын замын түгжрэлд гурван цаг саа­таж, Заамар сумаас “Ши­жир алт” компани орох зам бороо орсны улмаас хальтиргаа ихтэй байсан тул Халзангийн давааг өгсч, уруудах замд нэлээд саатаж, хонон өнжин явсаар бямба гаригийн бага үдэд зорьсон газраа очлоо. Уг нь тэнд байгаа боксын дасгалжуулагч багш нар болон Олимпийн финалтай давхцаж буй Монголын  өсвөр үе, залуу боксчдын чансааг тодор­хойлж байдаг “Шижир алт-11”  боксын тэмцээнд шигшээ тоглолтод шал­гарсан оролцогчидтой хамт Н.Төгсцогтын  тог­лолтыг үзэхээр төлөвлөсөн ч ийнхүү амжсангүй.

Замд таарсан захын хүнээс спортын клуб хаана байгааг асуухад “Боксчид шөнөжин  уухай хашгирч, энэ хавийг  дор­гиосон, өглөөнөөс л чимээгээ аядаж байна” гээд сумын сургуулийн захад орших цагаан бай­шинг зааж өглөө. Биднийг очиход “Алдар”, “Насны зам” компанийн нэрэм­жит  “Баянгол” спорт клубын тамирчид өглөө­нийхөө цайг уучихаад байр руугаа ирж байв. Багш, дасгал­жуулагчид хаана байгааг асуухад “Үүрээр 03.30 цагт багш, дасгалжуулагчид бид бүг­дээрээ том зааланд цугларч Н.Төгсцогт ахын  тоглолтыг үзсэн. Одоо багш нар амарч байгаа, зарим нь цайндаа явсан байх” гэв. А.Гантулга баг­шийг сураглавал, ша­вийн­хаа тоглолтыг үзчи­хээд сэтгэл нь их хөдөлсөн, дээр нь хүмүүс баяр хүр­гээд унтах завгүй өглөөтэй золгож саяхан амрахаар явсан. Тэмцээн эхэлтэл  багш жаахан унтах хэрэг­тэй” гэцгээв. Ингээд  боксын тэмцээн эхэлтэл  хүлээхээс аргагүй болов. Гэхдээ зүгээр суусангүй,  бид цаг хожиж “Шижир алт” компанийн 11 дэх удаагийн  боксын тэм­цээний мэдээллийг ава­хаар зохион байгуулагчид болон ерөнхий шүүгчтэй уулзав.

Бидний эхний уулзсан хүн Гавьяат дасгалжуу­лагч, Азийн хошой аварга Х.Алтанхуяг. Тэрээр энэ тэмцээний ерөнхий шүүг­чээр ажиллаж байгаа юм байна. Тэрээр “Шижир алт” компанийн нэрэмжит боксын тэмцээн өсвөр үе, залуу тамирчдыг бэлтгэж гаргах, тэмцээний арга баил туршлага суулгах, тэдний техник ур чад­варыг ахиулахад асар өгөөжтэй, том сорилго  болдог гээд “Энэ тэм­цээнээс олон сайн та­мирчин төрж гарсан” хэмээн онцолсон юм. А.Алтанхуяг гуай  гавьяат дасгалжуулагч Д.Мишиг­дор­жийн шавь. Анх 1963 онд 17 настайдаа Бүх ард түмний спартакиадад авар­галж байсан. Үүний дараа олон улсын тэм­цээнд Гавьяат дасгал­жуу­лагч Б.Олзодын удирд­лаганд оролцож, Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан манай нэр­тэй боксчдын нэг. 1976 оноос Монголын боксын шигшээ багийг дасгал­жуулж, түүний дараа  өм­нөд хөршид 12 жил дасгал­жуулагчаар ажил­лаж бай­гаад  эх орондоо эргэн ирж шавь нарынхаа үүсгэн байгуулсан  “Хангайтан” боксын клубт зөвлөх дас­галжуулагчаар ажиллаж байгаа билээ. Тэрээр  хэвлэл, мэдээллийнхэнд  тэр болгон  ярилцлага өгч, асуусанд нь хариулаад  бай­даггүй этгээд хүн. Нэ­гэнт тулаад уулзчихсан учраас шалсаар цөөн асуул­тад хариу авлаа.

 

Х.Алтанхуяг: ӨСВӨРИЙН БОКСЧИД ДОТОР ДАРААГИЙН ОЛИМПИЙН АВАРГА БИЙ

-Боксынхон Олимп руу анхаарлаа хандуулаад  завгүй  байгаа байх гэж бодсон юм. Гэтэл энд тэмцээн болж байгаа нь сонин байна?

-Монголын боксчид Олимпийн рингэнд хүч үзэж   буй онцлог үед өсвөр үе, залуучуудын тэмцээн болж байгаа  нь маш ач холбогдолтой. Ялангуяа Монголын боксын цааш­дын хөгжилд  залуу халаа, тэр дотроо шигшээ багийг  бэлтгэхэд  энэ тэмцээн ихээхэн үр дүнтэй юм. Тэр тусмаа манай боксчид Олимпоос медаль хүртэж буй онцлог үед энэ тэм­цээнийг зохион байгуулж байгаа нь сэтгэлзүйн хувьд асар өгөөжтэй. Хүүх­дүүд маань өөрсдөө Олим­пийн аварга болж байгаа юм шиг бүх бололцоогоо дайчилж, маш өрсөл­дөөнтэй, сайхан тоглож байна. Манай за­луу дасгалжуулагчид сүү­лийн үед сайн тамирчид бэлтгэдэг болсон нь ба­хар­хууштай. Тэд ид үедээ сайн тоглож байсан боксчид. Өөрсдийн тог­лолтын арга барилыг зааж сургаж байгаа нь боксын хөгжилд нөлөөлж байна. Ийм байхад манай бокс­чид амжилт гаргалгүй яахав. Дараа, дараагийн олимпод ч  энэ эрчээ алдахгүй байх.

-Тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүн Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нарын тоглолтыг уухайлж үзсэн гэсэн. Ямар сэтгэгдэлтэй байна?

-Дасгалжуулагч, орол­цог­чид бүгд хамт сууж,  хөгжөөн дэмжиж, хоёр тамирчныхаа тоглолтыг  үзлээ. У.Мөнх-Эрдэнэ маань мөнгөн медалийн оосроос шүүрээд алдчих­лаа.  Гэхдээ эхний хоёр үед үнэхээр гайхалтай тогло­сон. Ялчих байх гэтэл сүү­лийн үед гэнэдэв үү гэ­мээр цохилт авчихсан. Бэлтгэл, сургуулилт их хийсэн учраас хүчгүй байх шиг байна. Боксчид олон хоног жингээ барьж хүч саарах үе байдаг. Гэсэн ч У.Мөнх-Эрдэнэ өөрт бай­гаа бүхнээ гаргасан. Түүний хувьд одоо нас  30 хүрч байгаа,  харьж байна. Тийм болохоор сэргэлт удаан байх шиг.  Н.Төгс­цогтын хувьд нас залуу, өөрийгөө дайчилж  итгэл­тэй тоглосон. Энэ бүхэн “Шижир алт-11”-д  орол­цож байгаа бүх дасгал­жуу­лагч, хүүхдүүдэд том сургууль болно.

-Боксын спорт хөг­жиж, дэлхийн хэмжээнд чансаагаараа 4-5 дугаар байрт бичигдэж байна. Хөгжлийн цаашдын төл­вийг хэрхэн харж байна? 

-Бидний үед бээлий, толгойны хамгаалалт  ба­раг байхгүй. Улаан гараа­раа “зодолдож” байлаа. Одоо техник хэрэгсэл өөрчлөгдөж, энэ спортоор хичээллэдэг хүүхэд, за­луус олон болжээ. Ялан­гуяа, “Бээжин-2008” олим­­пийн наадмаас хойш бүр ч олширсон. Тэдний зарим нь халшраад яв­чихдаг, тухайн үеийн сэт­гэл хөдлөлөөр ханддаг нь ажиглагддаг бол нэг хэсэг нь боксын спортод үнэнч үлддэг.

-Монголын боксын спорт хоёр ч удаа зогсонги байдалд орсон. Тэр нь юунаас болж байсан юм бол?

– Б.Олзод багш хойшоо сургуульд явж, удирдан чиглүүлэх талаас дутмаг болж, сахилга батын та­лаас ч анхаарах зүйлүүд гарч 1960-аад оны сүүл үед  хаасан. Харин 1990-ээд онд улс даяараа зах зээ­лийн шуурганд уруудахад боксын спорт мөн ялгаа­гүй тиймхэн болсон. Гэх­дээ бүх зүйл нурчихаагүй. Ялангуяа манай У.Мөнх-Эрдэнэ тэр бүх ачааллыг  ганцаараа нуруундаа үүрч  Монголын боксчдын буу­хиаг үргэлжлүүлж олим­под таслалгүй орол­цож ирсэн. Тэр үед хө­рөнгө, мөнгө байхгүй компа­ниудыг гуйдаг бай­лаа. Тэд харж үзэж тив, дэлхийн аваргад цөөн тамирчин оролцож ирсэн нь боксч­дод ихээхэн нөлөөлсөн. Амьдрал хүнд байсан уч­раас  тухайн үед В.Батбаяр багш ч, би ч Хятадад ажил­лаж байсан. Амьдрахын тулд шавь нараа ч тэнд ажиллуулсан. Мөн тэр нөлөөгөө ашиг­лаад та­мирчдаа тэнд аваачиж хам­тарсан бэлт­гэлд орол­цуулсан нь ма­найханд үр дүнгээ өгсөн. 1995 онд би Гуажоуд ажил­лаж байсан юм. Тэр үед Т.Үйтүмэн маань гурван удаа очиж бэлтгэл, сургуу­лилт хийс­нээр биеийн хөгжлийн суурь тавигдаж, том тэм­цээнүүдэд ам­жилт­тай оролцож байсан. Сүүлийн үед манай улс  спортыг анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөж, техник хэрэгс­лээр хангаж байна. Та­мирчид маань ч явсан  тэмцээн болгоноосоо ме­даль авч байна.

-Боксын спортод арга барил, техник хэрэгслийн боломж зэрэг давуу та­луудаас гадна Монгол хүний бие, сэтгэлзүйн онцлог нөлөөлдөг үү?

-Наадах чинь  чухал сэдэв шүү. Монгол хүний бие махбодь, байгаль цаг уурын онцлог өөр. Эхээс төрөөд байгаль цаг уурын шалгуурт тэсвэр хатууж­лаа олж авдаг учраас мон­гол хүн тэвчээртэй, хүч чадалтай, эрэмгий дай­чин, зоригтой шийдэмгий байдаг. Эзэн Чингис хаа­ны дайчин уламжлал ч түүнээс эхтэй байдаг байх. Тиймээс монголчууд өвөр­мөц улс. Ялангуяа сэтгэ­хүй нь  гайхамшигтай. Боксын спорт зүгээр зодолдох биш, маш их ухаан зардаг, тактик боловсруу­лах, тоглолтын  арга бари­лаа зохион бай­гуулахаас эхлээд мон­голчуудын тө­рөлх чанар  агуу юм. Ер нь монголчууд айхтар гүйлгээ ухаантай, аливааг дор нь сэтгэж байдаг. Энэ бол үнэхээр бахархал. Би Хятадын тамирчдыг дас­галжуулж, Оросын хүүх­дүүдтэй ч ажиллаж бай­сан. Тэнд бол спортын олон сургууль бий. Гэтэл манайд саях­наас л ганц сургуультай болсон. Одоо Хятадын бүх муж, Оро­сын бүх муж, хотуудад спор­тын сургуу­лийг дотуур байртай, цог­цоор нь нээж ажиллуулж байна. Ийм байхад хөг­жихгүй яах вэ. Энэ байд­лыг спортын­хон төдийгүй  улсын удирд­лагууд  маань ярьж хэлж байдаг байх. Удахгүй сайхан болох болов уу.

-Манай  сониноор дам­жуулж, монголчууддаа болон манай  уншигчдад та юу хэлэх вэ?

-Боксын спортыг хүн­дэлж,  дэмжиж байдаг ард түмэндээ баярлалаа. Цаа­шид улам их дэмжээрэй. Бүгдэд нь сайн, сайхан бүхнийг хүсье.

 

“ШИЖИР-АЛТ-11” ТЭМЦЭЭНД 72 БОКСЧИН ХҮЧ ҮЗЭВ

Бидний дараагийн уулз­­сан эрхэм бол  “Шижир-Алт” компа­нийн Нөөцийн  дарга Л.Батсуурь,  “Ши­жир-Алт” боксын клубын дас­галжуулагч, ОУХМ  Б.Эр­дэнэбаяр нар байлаа.  Ком­панийн удирдлагууд ажилтай байгаа учир тэ­рээр удирдлагуудаа тө­лөөлж зохион байгуулал­тын ажлуудыг хийж бай­гаа бололтой. Л.Батсуурь дарга “Манай компани хүүхэд, залуучуудын чө­лөөт цагийг зөв өнгөрүү­лэх, бие бялдрын төлөв­шил олгох, цаашилбал олимп, дэлхийн аваргын залгамж халааг бэлтгэх зорилгоор боксын клуб байгуулж 11 дэх жилдээ тэмцээн зохион байгуулж байна” гээд  хэдийгээр хаалтын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч хүүхэд, залуучуудын нэгэнт хүсэн хүлээдэг тэмцээн болж, хүмүүст хүрсэн  учраас  11 дэх удаагийн тэмцээнээ зохиож байгааг  онцлов.

 

ОУХМ Б.Эрдэнэбаярын хувьд  1990 оноос  Дорнод аймагт н.Төмөрбат багшийн удирдлагад боксын спортоор хичээллэж, 1994 онд Биеийн тамирын дээд сургуулийн боксын дасгалжуулагчийн ангийг төгсч, Улсын шигшээ багт бэлтгэл, сургуулилт хийж байгаад  ийнхүү дасгалжуулагчийн ажилд шилжжээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Танай 11 дэх удаагийн тэмцээнд хэдэн төрөлд  хэчнээн тамирчин оролцож байна?

-Нийт 12 байгуул­лагын 72 тамирчин орол­цож байна. Дорнод, Сэ­лэнгээс ч баг ирсэн. Арван жилийн өмнө анх тэмцээн зохион байгуулж эхлэхдээ өсвөр үеийг хамруулж бай­сан. Би 2001 онд энд ирж ажил­лахдаа өсвөр үеийнхнийг авч хичээл­лүүлж байсан юм. Сүүлдээ өсвөр үе, залуучууд,  на­санд хүрэг­чид гэсэн гурван төрлөөр  тэмцээн маань  өргөжсөн. Манай тамирчдаас Дэл­хийн авар­га, Азийн авар­гын ме­дальтнууд төрж, багаараа дэлхийн аваргын цом хүрт­сэн. Одоо  манай клу­бээс 3-4 тамирчин  ул­сын шигшээ багт бэлтгэл, сургуулилт хийж байгаа.

-Олимптой давхцуулж тэмцээн зохион байгуулсан нь учиртай байх?

-Энэ бол боксын зал­гамж үе дараачийн олим­под бэлдэж байна гэ­сэн илэрхийлэл юм.

-”Шижир-Алт” ком­пани өнгөрсөн жил тэмцээн зохиохдоо сүүл­чийнх гэж тодотгож байсан санаг­дана?

-Энэ асуудал манай үйлдвэртэй холбоотой. Үйлдвэр маань  олборлол­тын нөөц дуусч, хаалтын төлөвлөгөө гарган  нөхөн сэргээлтээ хийж байгаа. Тиймээс өнгөрсөн жи­лийн­хээ тэмцээнийг сүүл­чийнх гэж байсан юм. Гэхдээ энэ жил нөхөн сэргээлт хийж байгаатай холбогдуулж  нэгэнт албан ёсоор нээж 10 гаруй жил явуулсан  тэмцээнээ   ёс­лол төгөлдөр хаая гэж үзсэн.

-”Шижир-Алт” ХХК-ийн нэрэмжит тэмцээн Мон­голд боксын спортыг хөг­жүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн.  Цаашид энэ хэвээр аваад яваасай гэсэн хүсэл олон хүнд байгаа байх?

-Хэдийгээр “Шижир-Алт” боксын клуб хаагдаж байгаа ч цаашид нэрээ сольж “Хангайтан” клуб нэрээр үйл ажиллагаагаа үргэлжүүлэх байх. Манай компанийн захирал Ц.Лхаг­вадорж боксын спор­тыг хөгжүүлэхэд са­наа тавьж, ихээхэн тусалж дэмжиж ирсэн хүний нэг. Нөгөө талаар манай ком­пани Монголросцветмет нэгдлийн мэдэлд шилжиж байгаатай холбоотойгоор С.Эрдэнээ даргад боксын клубээ ч шилжүүлье гэсэн санал хэлсэн гэсэн. Тэгэ­хээр өөр ямар нэгэн нэрээр  клуб цаашид үйл ажил­лагаагаа үргэлжүүлэх болов уу.

Ийнхүү тэмцээний тухай мэдээлэл цуглуулж, зарим хүний байр суурийг сонирхож явтал дасгал­жуулагч, тамир­чдын  үдийн хоолны  цаг болсон байв. Үүний дараа ганцхан цаг амраад 03 цагт тэм­цээн эхлэх тул тамирчдын түрүүч хөнгөн бэлтгэлд гарч амжсан харагдана. Тэмцээний өмнөхөн А.Ган­­тулга багшаас ярилц­­лага авчихаад зам­даа эртхэн гарахгүй оройт­вол зам муутай газ­раар явахад хэцүүг манай жолооч сануулав. Ингээд А.Гантулга багштай уулз­сан ч “Хүүхдүүдээ тэм­цээнд оруулчихаад ярья” гэснээр дахиад хүлээх боллоо. Тэмцээн өрсөл­дөөн­тэй, үзэгч олонтой, оролцогчид нь эн тэн­цүү­хэн тулалдсаар гурван цаг гаруй үргэлжилсний эцэст  дуусч, алт, мөнгөн ме­далийн төлөө тоглолт нэг өдрийн дараа болохыг зар­ласнаар өндөрлөв. “Алдар” спорт хорооны  тамирчдын олонх нь  медалийн төлөө тоглохоор шалгарч А.Гантулга багш баяртай нь аргагүй спорт заалыг орхин  гарч ирснээр бид­ний яриа эхэллээ.  Ринг­ний булангаас ч, үзэгч­дийн суудлаас ч шавийгаа   “Миний хүү, урагшаа. Баруун гараар цохь,  уухайс…” гээд л хаш­гирдаг байсан А.Гантулга дасгал­жуулагч  “Алдар” спорт хороо гэсэн бичигтэй  улаан өнгийн биеийн та­мирын хувцас өмсчээ.

 

А.Гантулга: МИНИЙ ХҮҮ ДЭЛХИЙН ТАМИРЧИН БОЛОХОО ХАРУУЛЛАА

-Юуны өмнө танд баяр хүргэе. Таны шавь Н.Төгсцогт Лондон-2012 наадмаас монголчуудын медалийн  буухиаг үргэлж­лүүлж, медаль хүртлээ. Анхны багшийнх нь хувьд  манай уншигчидтай сэт­гэгд­лээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. “Шижир-Алт” клубын нэрэмжит боксын тэмцээнд оролцож байгаа бүх дасгалжуулагч, тамирчид хамт сууж Мон­голынхоо боксчдын тог­лолтыг үзэж, сэтгэлээрээ дэмжлээ. Шавьдаа баяр­лаж, бахархаж сууна. У.Мөнх-Эрдэнийгээ ч  бас ялаасай гэж хүсч байсан. Эхний хоёр үе үнэхээр сайхан ялсан, гуравдугаар үед тамирдаж, оноо алдчихлаа,  харамсалтай байна.

-Н.Төгсцогтын өрсөлдөгчийн  тухайд ямар бодолтой байв.Тухайлбал, Оросын боксчин  Миша Алоян  бол дэлхийн нэртэй тамирчдын нэг шүү дээ?

-Олимп бол шилд­гүүдийн өрсөлдөөний талбар. Тэнд зөөлөн учраа, амархан даваа гэж байх­гүй. Гэхдээ  2011 оны Баку­гийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэл­хийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алояны хувьд  манай Төгсөө 2009 онд Миланд болсон дэлхийн аваргын тэмцээнд илт давуу ялсан шүү дээ. Өмнө нь тоглоод үзчихсэн, арга барилыг нь мэдэж байна гэдэг том давуу тал. Тийм ч учраас Төгсөө маань ялсан, дэл­хийн хоёр удаагийн авар­гыг буулгаж авч байна гэдэг  дэлхийн энтэй та­мир­чин болсны баталгаа. 

-Н.Төгсцогт хэдэн нас­тайдаа танд шавь орж байв?

-Төгсөө 15 настай  байхдаа  “Алдар”-т, над дээр ирсэн.  79 дүгээр сургуулийн сурагч байсан юм. Тухайн үед  одоо  бок­сын секцэнд  явж байгаа хүүхдүүдийн адил өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах “Шижир-Алт” тэмцээнээс алт, мөн­гөн медаль аваад явж байсан даа. Энэ тэмцээн ер нь хүүхдүүдэд их юм өгдөг юм шүү. Түүнээс хоёрхон жилийн дараа Азийн хүүхдийн наадамд явж ганцаараа хүрэл ме­даль­тай ирсэн. Ирэнгүү­тээ  надад “Гадаадынхан чинь биднээс илүү биш л юм байна шүү дээ. Би чадна аа” гэсэн.  Дараа нь улсын аваргад оролцохдоо “Багш аа, би энэ жил улсын аварга болно”  гэсэн. Тэр жилээ аварга болж, мөн ОХУ-д болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Хятадад болсон Азийн аваргын тэмцээнд манай П.Сэрдамбыг  дэл­хийн цомд хожиж байсан Казахстаны мундаг та­мирч­ныг 10:4-ийн  харь­цаатай  буулгаж авч, да­раагийн тойрогт нь  Энэтхэгийн тамирчинд  ганцхан оноогоор ялагдаж байлаа. Дараа нь дэлхийн аваргад  оролцож, хэн ч медаль авна гэж бодоогүй байхад аваад ирж байлаа. Өнөөдөр шавиараа ба­хархах сэтгэл дүүрэн байна, үнэхээр  хэлэх  үг алга.

-Олимпод явахаас өмнө хамт бэлтгэл хийсэн гэж сонссон?

-Тэгсэн. Сар гаруй хамт бэлтгэл, сургуулилт  хийж байгаад Лондонг зорьсон. Явахынх нь өмнө давтуулах юмаа давтуулж, хэлэх үгээ хэлсэн. Очоод  байнга мессэж бичиж байгаа надад. “Багш аа, хүү нь хожчихлоо” гэсэн мессэжийг нь аваад хөл газар хүрэхгүй баярласан.

-Шавьдаа хэлдэг үг,  таны баримталдаг зарчим  юу вэ?

-”Миний хүү, ямар ч үед аливаа зүйлд  тайван бай. Ухаантай тоглож байвал  амжилтад хүрнэ шүү” гэж хэлдэг дээ. Тог­лолтын үед  тактикийн чанартай хэлж, зөвлөх юм бий.

-Та боксын спортод хэдэн жил зүтгэж байна.  “Алдар” спорт хороогоор  анх овоглосноос хойш  хаашаа ч  явалгүй  тэнд “шаасан гадас” шиг байгаа санагдана?

-Би 1984 онд 14 нас­тайгаасаа бокс тоглож эхэлсэн. Тэр үедээ  “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар Ш.Магван багшийн удирд­лагад 1997 он хүртэл бокс тоглосон. Одоо багш маань байхгүй  бурхан болсон.  Би 1997 оноос  дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Тэгэхдээ “Алдар”-аас хаашаа ч яваа­гүй.

-Тэр хугацаанд үзүүл­сэн амжилтаасаа сонир­хуулаач?

-Улсын аваргаас хоёр хүрэл,  гурван мөнгөн медаль хүртсэн. Залуу­чуудын аваргаас мөн хоёр хүрэл авсан. АНУ-д 1997 онд болсон Мухамед Алийн нэрэмжит  сонир­хогч­дын боксын тэмцээнд оролцоод  медальтай ирж байлаа. Жижиг тэмцээ­нүүдэд гаргасан амжилт нэлээд бий. Тэр болгоныг хэлээд  яах вэ. Харин  Муха­мед Алийн нэрэм­жит тэмцээнээс медаль авснаа би ховор аз гэж боддог.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Нэг охинтой.

-Боксчин алга уу?

-Ганц охиноо бокс руу зүтгүүлэхгүй.

-Бөхчүүд нутаг, ус гэж их ярьдаг. Боксынхон  харин тэгж сүйд болдог­гүй. Та аль нутгийнх вэ?

-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул.

-Нутгийнхаа нэрийг гаргасан  боксчид  хэр олон бэ?

-ОУХМ М.Отгон­баатар, Б.Ганбаатар на­рын нэгэн үе бокст нөлөөтэй сайн  тамирчид төрж гарсан. Тэднийг ид  гарч ирж байх үед  Г.Ган­хуяг багш Сүхбаатарт очиж ажиллаж байсан юм.

-Одоо таны удирдлагад хэр олон хүүхэд хичээл­лэдэг вэ?

-62 хүүхэд бий. Түү­нээс 25 нь насанд хүрэг­чид, залуучуудын  анги­лалд  бэлтгэл, сургуу­лилт хийж байна. Бусад нь өсвөр үеийнхэн.

-Тэдэн дотор ирээдүйн  Олимпийн найдвар бий биз?

-Байгаа, зөндөө бий.

-Танай клуб долоо хо­ногт хэдэн өдөр хичээллэж байна?

-Зургаан өдөрт нь гурван цагаар хичээллэж байна.

-Танайд хэдэн дасгал­жуулагч ажиллаж байна?

-Байхгүй ээ, ган­цаа­раа зүтгэж байна. Сүүлийн үед өөрийн арга, ухааныг зааж сургах, нагаа талаас тив, дэлхийн тамирчин бэлтгэх дасгалжуулагч  хэрэгтэй  гэдэг үүднээс ОУХМ М.Отгонбаярыг дэргэдээ авч бэлтгэж байгаа.

-Сүүлийн үед охид боксоор хичээллэх болсон. Ямар нэгэн эрсдэл гарах­гүй гэх баталгаа байна уу?

-Манай клубт таван охин  хичээллэдэг. Эрсдэл гэвэл эрэгтэйтэйгээ яг адил шүү дээ. Хүн болгонд эрсдэл бий.  Техникээ зөв эзэмшээд зөв тоглодог, яаж тоглохоо толгой дот­роо хурдан боловсруулчих­даг  байхад бокст эрсдэл байх­гүй. Ер нь тоглол­тынхоо арга, барилыг богино хугацаанд сэтгэж чадаж байгаа хүн л бокст  амжилт гаргана шүү дээ. Манайхан бокс тоглос­ноор тархи, толгойндоо бэртэл авна, өвчин хууч­тай болно гэлцдэг. Энэ бол  цэвэр хувь хүний өөрийнх нь асуудал.

-Сүүлийн үед Мон­го­лын боксчдын эрэмбэ дээ­шилж, хүүхдүүд хичээллэх нь нэмэгдсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ах нар нь ямар байна, дүү нар нь тийм байна. Ах нар ямар тоглоно, дүү нар нь бокс тоглохоор хо­шуурна. Бокст уруу татагчид нь тив, дэлхийд хүч үзэж байгаа тамирчид л байдаг. Өнөөдөр монголчууд  боксчдоороо  хүн болгон бахархаж байна.

-Нуулгүй хэлэхэд,  таны хувьд “Бээжин-2008” олимпийн медалийн буухиаг манай боксчид үргэлжлүүлнэ гэдэгт ит­гэл­тэй байв уу?

-Бээжинд болоход ца­гийн зөрүү байхгүй, бидэнд ойр давуу тал  олон байсан. “Лондон-2012”  Европод болж байгаа  учраас нуулгүй хэлэхэд айж байсан, гэхдээ хоёр медаль явчихлаа шүү дээ. Энэ бол агуу амжилт.

-Тэгвэл, шавийнхаа тухайд?

-Ний нуугүй хэлэхэд, тийм ч итгэлтэй байгаагүй. Яагаад гэвэл, учраанууд аймаар байсан. Эхний үед таарсан Азербайжин, Итали, Узбестаны тамир­чид “хатуу боорцогнууд” шүү дээ. Миша Алоян байна. Дэлхийн хэмжээ­ний  агуу тамирчидтай учраа таарсан, энэ амжилт асар их хөлс хүчээр ирлээ.

-Тэр үед юу хэлж байв?

-“Миний хүү чадна аа. Нутаг дээр нь ялж болсон юм, одоо яагаад болохгүй гэж” гээд л мессэж бичсэн дээ. Миний хүү өнөөдөр  “Би дэлхийн хэмжээний тамирчин шүү” гэдгээ харууллаа.

-Боксчныг дасгалжуу­лахад бүжиг дэглээчээр бол анхны тавилт чухал байдаг байх. Би ингэж сонссон юм байна?

-Тэр үнэн. Аливаа зүйлд суурь гэж бий. тэр яаж тавигдана, түүгээр цааш явна. Суурь дээр техник, тактикийг бий болгоно. Багш тухайн хүний онцлогт тохирсон зүйлүүдийг сургаж, дад­лагажуулдаг.

-Бэлтгэл, сургуулилт хийж байх үед Н.Төгсцогт хэр шавь байв?

-Миний хүүд хэлсэн, ярьсныг маш сайн ойлгож хүлээдэг авдаг ховорхон чанар бий. Богино хуга­цаанд сэтгэж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг.Толгой нь гайхамшигтай сэтгэнэ шүү. Тэр чанар нь түүнийг авч явдаг. Эхний раундад ямар алдаа гаргаснаа сайн мэдэж байдаг, дараагийн­хад нь яаж засахаа ч хурдан сэтгэдэг. Маш мэдрэмжтэй. Бокст ухаан чухал шүү дээ.

-Бокст өмнө нь бэрхшээл их байсан, одоо байхгүй. Одоо цаашид яах ёстой бол?

-Тэр үнэн. Боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөн­хийлөгч Ц.Бат-Энх нар үнэхээр сайн анхаарч, ажиллаж байна. Бүгдийг болгож, бүтээхийн төлөө авч яваа тэр хүмүүст монголчууд  баярлалаа гэж хэлэх ёстой. Удирдлагаас их юм хамаарна шүү дээ. Бүх зүйлийг бэлэн болгоод өгчихөж байхад манай боксчид амжилт гаргахгүй яах юм бэ.

-Морь түрүүлэхэд уяачийн ухаан гэж ярьдаг. Тамирчдын тухайд дасгал­жуулагчийн ухаан чухал биз?

-Арга, техник, такти­кийг нь хэлээд өгч байхад түүнийг хийж чадаж бай­гаа хүн амжилт гаргана.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-”Алдар” спорт хо­рооны бүх бие бүрэл­дэхүүн,  084 дүгээр ангийн захирагч Дамба тэргүүтэй хамт олон, ээж, аав, миний найдвартай ар тал болсон ханьдаа баярлалаа. Та бүхний  минь зүтгэлийн үр шим гарлаа гэдгийг со­нины хуудсаар дамжуулж  хэлье. 

Өсвөрийн боксчид: “Шижир-Алт” тэмцээн тамирчдын чансааг тодорхойлдог

 

-Насанд хүрэгчдийн 49 кг-ын оролцсон “Насны зам” компанийн нэрэмжит “Баянгол” спорт клубын тамирчин, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сурагч   Д.Мөнх-Эрдэнэ боксын спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа. Тэрээр   “Шижир-Алт” боксын клубын нэрэмжит  тэмцээнд 2009, 2010 онд оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.  “Хүүхдүүдийн тоглолтын  техник, оюун ухааныг хөгжүүлж байдгаараа “Шижир-Алт”  тэмцээн өрсөлдөөнтэй болдог, боксчдын ур чадварыг шалгасан  том ч тэмцээн” хэмээн ярьж байна. Д.Мөнх-Эрдэнэ   Азийн аварга, Олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнийн “амьдаа”, мөн түүний улаан фен бөгөөд тоглолтуудыг нь алгасахгүй үздэг. Мөнгөн медалийн тоглолтод  ялаасай гэж   сэтгэлээрээ захыг нь мушгисан ч хүрэл медаль дээр буусанд сэтгэл жаахан дундуур байгаа гэнэ.

 

-Насанд хүрэгчдийн 49 кг-ийн жинд хүч үзэж буй А.Доржнамжим  А.Гантулга багшийн удирдлагад гурав дахь жилдээ хичээллэж байна. Тэрээр “Боксын спортод сэтгэл зүрхээ өгч, биднийг уйгагүй дасгалжуулж байгаа багшдаа баярлалаа”хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

-Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд шилдэг тамирчин гэдгээ баталсан “Шижир-Алт” клуб, “Хилчин” спорт хорооны тамирчин  Э.Ууганчимэг боксын спортоор таван жил хичээллэж байгаа. Тэрээр “Олимп үзэхийн зэрэгцээ өөрсдөө  тэмцээнд оролцож байгаа нь сайхан юм. Тэмцээн  зохион байгуулалт сайтай  байна” хэмээн ярьж байна.

Нийт: 3 Сэтгэгдэл

Johnie
2016 оны 4-р сарын 29

i don’t understand people who go to things that may bug them or stay if it’s bothers them, go thru the whole experience so a person has something to complain about or slam a regogiin..let a life..this world has bigger problems than music playing in the trees

Nollie
2016 оны 4-р сарын 30

Ok, se lulla fosse presidente seria o caso de impeachment.Agora, não sendo lulla presidente, nem por isso deixa se ser crime, "espantoso, inimaginável e inÃ&alificq¡veluquot; crime de chantagem, passível de apuração e punível com prisão.O STF precisa se reunir e agir.

Sherry
2016 оны 5-р сарын 4

Noihtng I could say would give you undue credit for this story.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *