А.Гантамир: Л.Оюун-Эрдэнэ гишүүн байгаа буруу онилж байна

6-р сарын 25, 2018 9:25 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 30
6-25-5

Б.САРАНГЭРЭЛ

Сүүлийн өдрүүдэд 60 тэрбумын хэрэгтэй холбоотой нийтийн сонсгол хийх талаар УИХын гишүүн Л.ОюунЭрдэнэ ярих болсон. Энэ сэдвээр Монголын Залуу Хуульчдын Хос дэнс клуб ТББын тэргүүн А.Гантамиртай ярилцлаа.

УИХын гишүүн Л.ОюунЭрдэнэ 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулж нийтийн сонсгол хийх тухайгаа мэдэгдсэн. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-60 тэрбум гэх сэдэв хэзээ гарч ирснийг эргэн саная. Анх 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө сошиал орчинд аудио бичлэг түгсэн нь Нийслэлийн МАН-ын удирдлага тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод сонгуулийн дараа хэрхэн төрийн албыг үнэлж болох талаар төлөвлөгөөгөө танилцуулсан аудио бичлэг байсан. Энэхүү бичлэгийг иргэн Г.Доржзодов бичиж олон нийтэд ил болгосон. Сонгуулийн өмнөхөн байсан учир эсрэг улс төрийн хүчнүүдийн хувьд том өгөөш болж энэхүү сэдвийг хуулийн гэхээсээ илүүтэй улс төрийн шинжээр ашиглаж дэлгэж эхэлсэн. Сонгуулийн дараагаар энэ сэдэв улам хүчээ авч АТГ болон бусад холбогдох байгууллагууд хяналт шалгалтыг хийж эхэлсэн байдаг.

Дараа нь Ерөнхий­лөгчийн сонгуулийн үеэр мөн хуулийн гэхээсээ улс төрийн сэдэв болж олон нийт хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдэгдэх гэхээсээ илүүтэйгээр үзэн ядах дайрч доромжлох гэх мэтээр үргэлжилсэн.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ асуудлыг дахин олон нийтрүү шидэж байх шиг байна. Тэр АТГ очиж тайлбар мэдүүлэг өгсөний дараагаар гарч ирээд 60 тэрбумын хэргийг шийдтэл УИХ-ын чуулганд суухгүй хэмээн мэдэгдсэн. Би гишүүний мэдэгдлээс нэг зүйлийг ойлгоогүй. 60 тэрбумын гэх сэдвийг хуулийн дагуу шийдвэрлэтэл суухгүй гэсэн үү. Эсхүл УИХ-ын дарга М.Энхболдыг энэ хэрэгт шийтгэгдтэл чуулганд суухгүй гэсэн үү. Хэрэв хуулийн дагуу шийдвэрлэтэл гэвэл асуудал хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж харж байгаа.

Хуулийн дагуу шийдвэр­лэсэн гэж та юуг хэлж байна?

-Үндсэн хуульд хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан байгаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг чандлан мөрдөж, сахина гэсэн үг. Ардчилсан нийгмийн хамгийн том зорилт бол эрх зүйт төр, хуулийн засаглал. Тухайн үед хууль нь сайн биш, сайжруулах шаардлагатай байсан ч хуулийг нь мөрдүүлнэ гэсэн үг. Муу хууль байгаа бол хууль тогтоох эрх мэдлийн байгууллага нь засч сайжруулах хэрэгтэй. Сонгогчид өөрсдийн төлөөлөгчөөрөө УИХ-ын гишүүн гэдэг хүмүүсийг сонгож байгаа юм.

Би өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж 60 тэрбумын гэх асуудал гэмт хэргийн шинжгүй байна гэсэн шийдвэр гарсан юм байна гэж ойлгосон.

Хуулийн дагуу гэмт хэргийн шинжгүй гэдгийг ямар хуулийн дагуу шийдвэрлэсэн гэсэн үг вэ?

-Мөрдөн шалгах ямар ажиллагаа хийгдсэн талаар би иргэдийн адил мэдээлэлтэй байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн сүүлд АТГ-ын гаргасан шийдвэрийн талаар олон нийтэд өгсөн мэдээллээр дүгнэж харахад “Иргэн Г.Доржзодов таван хүн байгаа гэж мэдүүлсэн боловч бичлэг дээр гурван хүний дуу хоолой байна, тухайн нотлох баримт гэж байгаа бичлэг маань эх хувь биш хуулбар хувь, таслаж авсан бичлэг байна” гэх дүгнэлт хийсэн юм байна. Одоо энэ сэдвийг улс төрийн гэхээсээ илүүтэйгээр хуулийн талаас нь харж дүгнэх юм бол Г.Доржзодов гэдэг хүн таван хүн байсан гэж яагаад мэдүүлэг өгөв.

Тухайн бичлэгийн эх хувийг яагаад гаргаж өгөөгүй гэх мэтийн учир битүүлэг асуултын хариултыг Г.Доржзодов олон нийтэд өөрөө тайлбарлах ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу тухайн бичлэгийн эх хувь биш бол нотлох баримт гэж үзэх боломжгүй байгаа. Энэ талаар шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10-р зүйлд заасан байдаг. Хуульд нотлох баримт гэж үзэхгүй гэж заасан байхад энэ хэрэгт тусад нь эх хувь биш ч гэсэн нотлох баримт гэж үзэх юм бол нөгөө хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой гэсэн үндсэн хуулийн үзэл баримтлал алдагдана.

Одоо тэгэхээр хуулийн хувьд энэ хэрэг хаагдсан гэж үзэж болох уу?

-Хүмүүс энэ асуудлыг 60 тэрбумын хэрэг гэж нэрлээд байгаа. Би бол хэрэг биш сэдэв гэнэ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу шалгаад хуулийг баримтлан шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 3000 гаруй төрийн албан хаагчийн судалгаа хийж, 1446 иргэний төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан байдаг юм билээ. Ингээд гэмт  хэргийн шинжгүй байна гэсэн дүгнэлтийг дахин гаргасан. Хамтарсан ажлын хэсэг хүртэл гарч шалгалт хийгдэж байж энэ асуудлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн юм билээ.

 Манай улс төрчдөд нэг ийм хандлага байна. АТГ, цагдаа, шүүх прокурор гэх мэт хуулийг баримтлан шийдвэрлэдэг байгууллагыг өөрсдийн хэлсэнээр ажиллуулахыг хүсдэг. Хэрэв өөрийнх нь хэлснээр ажиллахгүй бол олон нийтэд энэ байгуулага тэдний талд үйлчилж байна гэж  сөрөг хандлага үзүүлдэг. Гэтэл хуулийн байгууллага бол аливаа иргэн байгууллагаас хараат бус байх ёстой. Тэд зөвхөн хуульд захирагдаж ажилладаг. Олон нийтийн дунд хуулийн байгууллагын нэр хүнд унахад улс төрчдийн нэр хүнд өсдөг гэдэг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч тэр өөр бусад улс төрчид ч гэсэн энэ асуудлыг хуулийг мөрдүүлж шийдвэрлүүлэх гэж байгаа юу эсхүл улс төрийн ашиг хонжоо олох гэж явж байна уу гэдгийг олон нийт маш анхааралтай харах хэрэгтэй.

Би хуулийг мөрдөж шийд­вэр­лэсэн олон то­хиолдлыг хэлж чадна. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж чагнасан гэсэн асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байх жишээтэй. Сүүлдээ улс төрийн хэнээтэй залуучууд, улс төрд орохыг хүсдэг залуус хэрэв би 60 тэрбумын сэдвийг ярьж олон нийтэд харагдвал миний нэр хүнд өснө гэсэн хандлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл 60 тэрбум гэх сэдэв хуулийн биш улс төрийн сэдэв л болсон гэсэн үг.

Энэ асуудлаар нийтийн сонсгол хийх гэж байгааг дэмжиж байгаа юу?

-Нийтийн сонсгол хийх нь хуулийн дагуу зохицуулалттай. Мэдээж хуулийн дагуу 19 гишүүн нийтийн сонсгол хийхийг дэмжвэл хийх л байх. Хэрэв нийтийн сонсгол хийх юм бол би энэ сонсголд орох хүсэлтээ илэрхийлнэ. Учир нь тэрхүү сонсгол дээрээс асуух асуулт их байгаа. Таван хүн гэж яагаад мэдүүлэг өгсөн. Бичлэгийн эх хувийг яагаад өгөөгүй вэ гэх мэт.

Би Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдэгдлээс нэг зүйлд маш их бухимдалтай байгаа. Хэрэв ямар нэгэн авилга өгч албан тушаалд очсон бол иргэний зориг гаргаж бидэнд мэдээлэл өгөөчээ гэж иргэдээс хүсье гэсэн байсан. Ингэж өөрсдийн улс төрийн гэх юм уу. Ямар нэгэн улс төрийн ашиг хонжоогоо олох гэж иргэдийг бамбай болгодогоо болих хэрэгтэй. Өнөөдөр авилга өгсөн хүнийг мөн хуулийн хариуцлага хүлээлгэдэг хууль манайд үйлчилж байна. Иргэний зориг гаргаад гэдэг үгийн дор та гэмт хэрэг хийснээ хүлээж гэмт хэрэгтэн бол гэж олон нийт рүү хэлж байгаа юм.  Иргэн хүн мөнгө авч албан тушаал авсанаа илэрхийлэх юм бол улс төрчид улс төрөө хийгээд л өнгөрнө. Цаана нь хөөрхий иргэний зориг гаргасан гэж иргэн хэрэгтэн болоод үлдэнэ. Ер нь бүхэлдээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн байгаа буруу онилоод байна гэж харж байгаа.

Байгаа буруу онилж байна гэж. Бай нь ямар байх ёстой гэж

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн Харвардыг төгссөн боловсрол өндөртэй залуу үеийн төлөөлөл гэж хардаг. Гэтэл хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэе гэсэн хандлагыг олон нийтэд уриалж байна гэж харж байгаа. Харвардад лав хуулийг дээдлэхийг заадаг баймаар. Энэ асуудал манай хууль зарим тал дээр зохицуулалт дутмаг, сайжруулах шаардлагатайг харуулж байна. Би нэг жишээ хэлье л дээ. Дамын наймаа гэдэг зүйл гэмт хэрэгт тооцогддог үе манай улсад байсан. Хожим Эрүүгийн хуулиас дамын наймааг гэмт хэрэг биш гэж үздэг болсон. Хамгийн сүүлд танхайрах гэсэн гэмт хэрэг гэмт хэргээс хасагдсан байх жишээний.

Өөрөөр хэлбэл хууль тогтоомж байнга шинэчлэн сайжирч явдаг. 60 тэрбумын гэх сэдэв зарим талд манай хуулийг засч сайжруулах ёстойг харуулсан. Л.Оюун-Эрлэнэ гишүүнийг байгаа буруу онилж байна гэдгийг би яагаад хэлж байгаа вэ? гэхээр хуулийг сайжруулах шаардлагатай байхад боломж нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнд бий. Хууль тогтоох эрх мэдэл УИХ-д байгаа. Санаачлах эрх УИХ-ын гишүүнд бий. Би хувьдаа бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин ийм асуудал гарахад дахин ийм шалтгаанаар хаагдахгүйн тулд энэ хуулийг ингэж засч сайжруулах хэрэгцээ байна. Тиймээс миний бие энэ хуулийн төслийг санаачилж байна гэвэл иргэд итгэж УИХ-ын гишүүнээр сонгосоны үр дүн гарна. Гэтэл эсрэгээрээ чуулганы хуралд суухгүй гэж байх жишээний. Бодит байдал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралд суухгүй байлаа гээд чуулганы ирцэд нөлөөлж чадахгүй учир чуулган явда­гаараа л явна байх. Эсрэгээрээ харин өөрийгөө төлөөлж сонгосон сонгогчид өөрийн төлөөлөгчийг УИХ-ын бодлого шийдвэрт алдана гэсэн үг. Тэгэхээр л оновчгүй бай гэж хэлээд байгаа юм.

Ер нь манай гишүүд АТГ-д нэг тайлбар мэдүүлэг өгөөд л гарч ирэхээрээ л ямар нэгэн мэдэгдэл хийдэг болж. Ямар ч эмзэг байдаг юм. Хуулийн байгуулагад дуудаж тайлбар өгөөл биз хэрэг хийгээгүй л бол нүүр бардам ороод л тайлбараа өгөөд л гараад ирэх хэрэгтэй.

Одоо цаашид энэ 60 тэрбумын асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Хуулийн хувьд бол шийдвэрлэгдсэн гэж харж байгаа. Цаашид ийм асуудал гарахгүй байхад анхаарах шаардлага маш их байна. Одоо улстөржилтөө хойш тавиад улс орны асуудалд нэгдэж нийлээд зүтгэх хэрэгтэй байх. Энэ сэдэв гэхдээ Нийслэлийн МАН-ын хурал дуустал явагдах юм байна гэж бодож байгаа. Дахиад л 60 тэрбумын сэдэв улс төрийн шинжээрээ олон нийтэд хүрч байгаа гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Иргэн
2018 оны 7-р сарын 6

Хуулийн цоорхойг ашигласан нь хэний зөв юм

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *