А.Ганхуяг: Автобусны ухаалаг систем санхүүгийн программ шиг ажиллаж байна

2-р сарын 29, 2016 8:38 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 115
2-29-1a1

Leaders forum

Д.ОЮУНЧИМЭГ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Энэ удаагийнзочноор “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягтай ярилцлаа.

ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Монгол хүн биесээ хайрлах хэрэгтэй. Учир нь хэн нэгэн гадны мөнгөтэй этгээдийг тахин шүтээд улсыг минь хөгжүүлэхгүй. Тэд бизнесийн ашгийн төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүнийг нь буруутгах аргагүй. Харин үндэсний компаниуд ашиг олохыг бодож байгаа ч тэдэнд эх орноо гэх сэтгэл бий. Ер нь Монголыг хэн хөгжүүлэх ёстой вэ гэвэл, мэдээж монгол хүн. “Улаанбаатар смарт карт” бол хувийн компани шүү дээ. Солонгос эзэнтэй монгол хувийн компани. “Тэнүүн огоо” компани ч мөн л хувийнх. Гэхдээ монгол эзэнтэй. А.Ганхуягийн арван жил босгосон компани, Солонгосын хөрөнгө оруулалттай компани хоёулаа ижил төвшинд байгаа. Солонгос захирал 14 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол, монгол захирал 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэтэл үнэгүйдээд байна. Монгол хүний Монголоо гэсэн сэтгэл, бие биенээ хайрлах хүндлэл дутахаар Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Гадаадынхныг хэт шүтээд дөвийлгөөд байж болохгүй. Ингэснээр гадны хөрөнгө оруулалт, гадаадынхныг үгүйсгэж, буруушаах гэсэнгүй.

Монголд үйлчилгээ явуулж байгаа 20 гаруй оператор компани байгаа. Гэтэл хотын удирдлагуудаас Н.Гантөмөр дарга л оператор компанийн үйл ажиллагаа болон тэдний хийсэн бүтээн байгуулалттай танилцаж байсан. Би эх орныхоо хөгжил, дэвшилд өөрийн чадах зүйлээр оролцохсон гэж боддог.

Тухайлбал, нийтийн тээвэр, гаднынханд хөгжлийн ямар төвшинд явж байгаагаа харуулах хамгийн том салбар. Улсын тэргүүлэх гурван салбарын нэг нь нийтийн тээвэр юм шүү дээ. Гэвч харамсалтай нь хүсэл сонирхол болон санал санаачлага нь буруу тийшээ хандаад байх юм. Нийтийн тээврийг хөгжүүлье гэвэл маш энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Гэтэл бид өдийг хүртэл хийж чадахгүй л явна. Жишээлбэл, нэгдүгээрт стандарт хангасан тээврийн хэрэгсэл байх шаардлагатай. Хоёрдугаарт, аюулгүй, найдвартай, цагийн хуваарийн дагуу үйлчилгээ явуулдаг байх. Ийм боломж хотын удирдлага болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд ч бий. Уг нь хувь хүн, улс, аж ахуйн нэгжийн хүсэл, сонирхол нэг цэгт огтлолцож байгаа ч санхүүгийн боломж нь л алга. Гэтэл дэлхийн бусад орнууд нийтийн тээвэрт татвар төлөгчдийн мөнгөнөөс оруулж, нөөц бололцоогоор нь хангаж байдаг. Үүгээрээ эргээд иргэддээ найдвартай үйлчилгээ үзүүлдэг. Харамсалтай нь бид нийтийн тээврийн салбарт зах зээлийн зарчмаар, чадвартай үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ салбарыг мөнгө олох хэрэгсэл мэтээр харж байна. Хэрэв утаа хаядаг, хуучин, найдваргүй автобусуудаа сольё гэвэл, улсаас нэг удаа нийтийн тээврийнхэнд урт хугацааны парк шинэчлэлтийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгох хэрэгтэй. Эхний ээлжинд 1000 автобусыг зээлээр өгмөөр байгаа юм. Тэгээд оператор компаниуд сар болгон элэгдэл, хорогдлоо бодит болгон хуримтлал үүсгэснээр зээлээ барагдуулна. Зээл төлж байх хугацаандаа хуримтлал үүсгэн дараагийн удаад шинэ автобус худалдаж авах чадалтай болох ёстой. Тэгэхээр нэг удаагийн том эргэлтийг улсын дэмжлэгтэйгээр хийх хэрэгтэй. Нийтийн тээврийнхэн хүмүүст хүрч үйлчилгээ үзүүлэх ёстой гэдэг. Гэвч санхүүгийн бэрхшээл, хөрөнгийн эх үүсвэр дутдаг гэдгийг сайн ойлгомоор байгаа юм. Магадгүй нэг үеэ бодвол, нийтийн тээврийг салбарт шинэчлэл хийсэн гэж хэлэх л байх. Харамсалтай нь, ухаалаг үйлчилгээгээ стандартын дагуу хяналт, мэдээлэл, шалгалттай нь хамт хийгээгүйнхээ горыг одоо амсаж байна. Зөвхөн орлого ашиг, санхүүгийн төлөө биш иргэдийн төлөө найдвартай, соёлтой, ухаалаг хяналтын үйлчилгээг нэвтрүүлье гэж байгаа юм.

ӨНГӨРСНӨӨ САНА

Манайхан техник, технологийн шинэчлэлтэй хөл нийлэн алхаж байгаа нь сайн хэрэг. Гэвч сууриасаа биш оройгоосоо эхлэх юм. Өөрөөр хэлбэл, таван давхар байшин барихын тулд хамгийн эхлээд тав дахь давхраа барьж байна гэсэн үг. Тэгэхээр хөрсөнд бууж амжилгүй нурж байгаа юм. Хэрэв нийтийн тээврийг цогцоор нь хөгжүүлье гэвэл тийм ч хэцүү зүйл биш. Түүнээс 20 автобус угсарч, өндөр үнээр нийтийн тээврийн улсын мэдлийн компанид шахсанаар гоё болохгүй. Хүн өнгөрснөө мартчихдаг юм. Санаж байгаа бол, 2009 онд 400 автобус Солонгосоос оруулж ирэхэд нийтийн тээврээр зорчих зорчигчид эрс нэмэгдэж байсан. Тэгэхээр тохь, тухтай автобусаар үйлчлүүлэх сонирхолтой байна гэсэн үг. Ер нь нийтийн тээвэр хөгжсөнөөр маш олон талын ашигтай. Нэн түрүүнд замын түгжрэл эрс багасна. Түүнчлэн хүмүүсийн эдийн засагт хэмнэлт гарна. Өөрөөр хэлбэл, такси барьж мөнгө үрэхгүй. Мөн хүн бүр машин унах гэж зүтгэхгүй. Энэ нь бас л санхүүгийн хэмнэлтийг бий болгоно. Уг нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгохыг зорьж байна гээд өндөр албан тушаалтнууд мөн ч их цээжээ дэлдсэн дээ. Гэтэл хамгийн энгийн, хялбараар хийж болох гаргалгаагаа олж харахгүй байна уу, огт хүсэхгүй байна уу. Нийслэлд нийтийн тээвэр хөгжөөгүй болохоор хүмүүс илүү зардал гаргасаар л байна.

ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ҮЙЛЧИЛГЭЭ ХОЁР ЯЛГААТАЙ

Аль ч салбарын хувьд сууриа зөв тавьж чадвал хөгжил нь зөв болно. Нийтийн тээврийн салбарын хувьд техник технологоо хөгжүүлэх гээд байгаа юм уу, үйлчилгээгээ хөгжүүлэх гээд байгаа юм уу гэдгийг ойлгоход бэрх болжээ. Хоёр өөр зүйлийг нэг мэтээр хүмүүст ойлгуулахыг оролдоод байх юм. Би дахиад хэлье, нийтийн тээврийг хөгжүүлнэ гэхээр хэдэн автобус угсраад болчихдог зүйл биш. Энгийнээр тайлбарлавал, эмчид загвар сайтай, шинэ чагнуур бариулчихаад сайн эмч боллоо гэвэл өрөөсгөл зүйл болно. Тэр эмч сүүлийн үеийн шинэ чагнууртай байж болох ч өвчтөнөө зөв оношлон, эмчлэхийн тулд нарийн мэргэжлээр мэргэшсэн байвал илүү үр дүнтэй байна. Нийтийн тээвэр маш хариуцлагатай салбар. Олон хүний амь насыг тээж яваа автобус найдвартай байх ёстой. Түүнийг барьж байгаа жолооч мэргэшсэн байх учиртай. Мэдээж цаг хугацаатай уралдаж байгаа учраас шуурхай үйлчилдэг байх хэрэгтэй. Магадгүй автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болсноор шуурхай болсон гэх биз. Мөн монгол инженерийн ухаанаар зохион бүтээсэн автобусаар парк шинэчлэл хийсэн гэнэ байх. Бүр цаашилбал, ухаалаг үйлчилгээг нэвтрүүлсэн учраас цогц үйлчилгээтэй болсон гэж хэлэх л байх. Харамсалтай нь энэ бүгдийг хийхдээ сууриасаа эхлээгүй гэдгийг онцолмоор байна. Бид байшингийнхаа хамгийн дээд талын давхраас барьж эхэлсэн нь том алдаа болжээ гэдгийг ойлгох цаг болсон.

ЗАХ ЗЭЭЛИЙН ЦЭВЭР ӨРСӨЛДӨӨН ЧУХАЛ

Монгол Улс автобусаа өөрсдөө үйлдвэрлэдэг болсон хэмээн онгирцгоож байна. Ер нь машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ эхлээд жижиг машин хийх ёстой юм. Цаг хугацааны эрхээр чадваржиж, чадавхжсаар сүүлдээ автобус, хүнд даацийн машин үйлдвэрлэдэг ёстой юм. Гэтэл, 80 хүний багтаамжтай автобусыг үндэсний үйлдвэрлэлээр хийлээ, үүнийг нийтийн тээврийн оператор компаниуд ав гэх юм. Бид чанартай гэдэгт нь яаж итгэх вэ. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэсэн юм биш, угсарсан юм шүү дээ. Нийтийн тээврийнхэн муу муухайгын тод жишээ болдог. Гэвч өнөөдрийг хүртэл бид иргэдэд үйлчилсээр, ая тухтай байлгахын төлөө чадлынхаа хэрээр зүтгэсээр ирсэн. Тиймээс л энэ салбарыг хөгжөөсэй гэж боддог. Хамгийн гол нь монголд автобус үйлдвэрлэх, стандартын шаардлага хангасан, дэлхийн жишигт хүрсэн нийтийн тээврийн үйлчилгээ хоёр зарчмын хувьд өөр зүйл.

БНХАУ-д үйлдвэрлэсэн автобус 48 мянган ам.доллараар орж ирсэн. Монголд угсарсан автобус 270 сая төгрөг байна. Энэ хоёр адилхан харагдаж байна уу, үгүй шүү дээ. “Экобус”, “Тэнүүн огоо” компани хоёулаа хувийн хэвшил. Бид ашиг олохын төлөө бизнесийн зарчмаар ажиллах ёстой. Магадгүй бид гэрээ байгуулан харилцан ашигтай үйлчилгээ үзүүлж байвал, зах зээлийн зарчмаар өрсөлдөж байна гэсэн үг. Гэтэл танай автобус найдваргүй, хэт өндөр үнэтэй гэхээр төрийн компани руу автобусаа шахаж байгаа нь зах зээлийн өрсөлдөөнийг үгүй хийж байгаа хэрэг. Уг нь төр зохицуулалт хийж, зөв бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэвч зах зээлийн өрсөлдөөнийг төрөөс үгүйсгэж байгаа нь харамсалтай. Үүний оронд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн шинэ автобусыг ператор компаниудад зээлээр өгч, парк шинэчлэл хиймээр байгаа юм.

ЭРСДЭЛЭЭ ҮҮРЭХ ЧАДВАР ХУВИЙН ХЭВШИЛД БИЙ

Хувийн компани бүх эрсдэлийг даах чадвартай байдаг. Хэрэв “Тэнүүн огоо” компани улсаас зээл авсан бол эргүүлээд төлөх нь үүрэг. Нэг автобусыг 270 сая төгрөгөөр авч байхаар үүгээр 2-3 автобус авсан нь дээр. Тэгэхээр энэ шударга зүйл биш. Би бизнес эрхэлж байгаа учраас аль болох ашиг олохыг бодно. Гэтэл тэр боломжийг нь төр бизнест хэт хутгалдсанаас боомжилж байна шүү дээ. Аль чанартай бас хямд байх зүйлийг эрэлхийлдэг бизнесийн зарчим бий. Ер нь хувийн хэвшлийнхэн хэдхэн жил болоод дампуурна гэж эрсдэл үүрч ажилладаггүй юм. Бүхий л зүйлийг даван туулж үндэсний хэмжээний томоохон компани болохын төлөө зүтгэдэг. Энэ хэрээр ажлын байр бий болно. Үүнийг дагаад бүтээн байгуулалт ч хийгдэнэ шүү дээ. Харамсалтай нь төр засаг нь ойлгож, дэмжихгүй байна. Өнөөдөр 20 ширхэг угсраа автобус ганцхан чиглэлээр явуулчихаад, нийтийн тээвэр хөгжиж байна гэж болохгүй. Эдийн засаг хангалттай бололцоотой байхад яагаад зургаа, долоон жил явсан хуучин автобусыг шинэчлээд иргэдийн хүсээд байгаа чанарын шаардлага хангасан шинэ автобусаар үйлчилж болохгүй гэж. Магадгүй дарга нар том, том машин унадаг болохоор нийтийн тээвэр ямар байгаа нь тэр хүмүүст сонин биш байна. Би авто инженерийн мэргэжилтэй, сонирхолдоо хөтлөгдөн нийтийн тээврийн оператор компани байгуулсан. Хэдийгээр миний бизнес боловч нийтийн тээврийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэл, хүсэлтэй. Тиймдээ ч бүхий л зүйлээ энэ салбарт зориулан жишиг болохуйц компанийг бий болгохыг зорьдог. Үйлчилгээ болон ажлын байр, автобааз маань олон улсын стандартад нийцсэн байх учиртай.

“УЛААНБААТАР СМАРТ КАРТ”-ЫНХНЫ “ХӨӨС”-ТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Нийтийн тээврийг өнгөрсөн оны долоодугаар сараас ухаалаг болгосон нь зөв зүйл. Гэхдээ, зөв зүйлийг буруу аргаар хийж байна. Ухаалаг үйлчилгээ хэт зоосны нүхээр хараад байна. Ухаалаг карт ямар зорилготой вэ гэвэл оператор компаниудын орлогоос 10 хувийг нь авч, ашиг дээр нь ажиллах. Магадгүй зарим нэг нь эмзэглэх байх, гашуун үнэнийг нуух аргагүй. Үнэхээр нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг, аюулгүй болгоё гэвэл, цогцоор нь шинэ технологи ашиглах хэрэгтэй. “Улаанбаатар смарт карт”-ын хувьд зөвхөн санхүүгийн ухаалаг үйлчилгээг бий болгосон. Бусад хяналтын үйл ажиллагаа нь хаалттай хэвээрээ. Тэдний хувьд хэдэн ухаалаг тоног төхөөрөмжийг нийтийн тээврийн 1000 гаруй автобусанд суурилуулан мөнгө угаах нь чухал байжээ. Гэтэл сайн зүйл хийж байна гээд хотоос хоёр, гурван давхар ажлын байрыг нь гаргаж өгсөн. Тэнд 50-60 хүн ажиллаж байна. “Улаанбаатар смарт карт” компанийн Солонгос эзэн 14 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Тухайлбал, картны машин 1.8 мянган ам.долларын үнэтэй байхад 4.8 ам.доллар гэж үнэлсэн байгаа юм. Мөн бэлэн мөнгө хийдэг хайрцагыг 1000 ам.доллараар үнэлдэг. Энэ мэтчилэн зардлаа хиймлээр өсгөснийг энэ салбарт үйлчилгээ үзүүлдэг оператор компанийнхан мэдэж байгаа.

Тэдний явуулж байгаа үйл ажиллагааг хамгийн хямд буюу нэг хүнээс таван төгрөг авъя гээд төлөвлөчихсөн санал тавьж байсан юм. Түүнийг нь нийслэлийн тээврийн газарт хүргүүлсэн ч, Солонгос эзэнтэй компани гарч ирээд авсан байдаг. Солонгос дахь “T money” систем орчин үеийн зарчмаар явдаг. Хянах самбарт нь бүгд тодорхой, ойлгомжтой харагдана. Уг нь энэ систем анх орж ирэхдээ “T money”-ын хөрөнгө оруулалтаар хийнэ гэж байсан ч “U money” болоод хувь хүмүүсийн хөрөнгө оруулалт ороод ирсэн.

Автобусны ухаалаг системийн ажиллах зарчим тодорхой. Оператор компаниуд өөрийн бааз дээрээ хяналтын камерт автобусуудынхаа хөдөлгөөн, зөрчлийг хянадаг, харагддаг бол хариуцлага тооцоход ч илүү амар болж байгаа юм.

Анх смарт үйлчилгээг оруулж ирэхдээ бүх автобусаа шинэчилсэн бол бид зорчигчдийнхоо 50 хувийг эргүүлээд татчих байсан. Өөрөөр хэлбэл, хуучин S4 утсан дээр мянга сайхан программ суулгаад тэр ажиллахгүй. “Улаанбаатар смарт карт”-ынхан ийм л зүйл хийсэн. Одоо карт уншдаг машинууд нь эхнээсээ шатаж байна. Тэгээд автобусны техникийн доголдлоос болж байна гэсэн дүгнэлт гарган төлбөр тавих юм гэнэ. Би анх нэвтрүүлэхээс нь өмнө хэлж л байсан. Хуучин автобусууд 24 вольт гаргадаг боловч эдэлгээнээсээ болоод 28, 30 вольт гаргаж байна. Та нар автобус бүрт суулгаж байгаа хяналтын төхөөрөмжөө тавихаар техникийн ямар нэгэн асуудал гарахгүй биз гэж байсан боловч тухайн үед бүх зүйлийг нутагшуултал хариуцлагыг бид  өөрсдийн хөрөнгөөр хариуцах болно гэж хэлж байсан. Гэвч энэ бас л худлаа болж байна.

 

УХААЛАГ БУС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЛАГ

Монгол Улс нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээг дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж болох байсан. Дээрх тоног төхөөрөмжийг Солонгосоос аваад нийтийн тээврийн агентлагаар хийлгэсэн бол хөөстэй зардал төлөхгүй шүү дээ. Ингэснээр дан ганц санхүүгийн программ нэвтрүүлэхгүй байсан. Ухаалаг систем бүрэн ажилласнаар автобус, жолоочоо хянана. Бас эвдрэл гэмтэл гарсан эсэх, шатахуун дуусч байгаа эсэхийг хянаж болно. Гэтэл одоогийн байгаа систем нь ганцхан комьпютерээр нэлээд хайсны эцэст автобус хаана явж байгааг хардаг. Тэгэхээр энэ бол GPS хийсэн гэсэн үг. Үүнээс гадна “Umoney”-гоо хэт өндөр үнэлсэн. Тиймээс хэт болхи явж байна.

Өмнө нь бид орлого хөөдөг байлаа. Нэг нэгнийхээ урдуур орж зорчигчоо булаалцалдаж байсан. Харин одоо цаг үеэ дагаад олон улсын жишигт нийцсэн, цагийн хуваарьтай үйлчилгээ үзүүлэхийг л зорилго болгож байна. Тиймээс анх ухаалаг үйлчилгээ нэвтрүүлнэ гэхэд нь бүх компаниуд зөвшөөрсөн. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр бэлэн мөнгөний хайрцагт хэдэн төгрөг орох эсэх нь бидэнд огт хамаагүй. Яагаад гэвэл нийтийн тээврийн орлого шилэн болж чадсан. Гэтэл бэлэн мөнгөний хайрцгаас болж өмнөх орлогодоо дүйцэхгүй байна гээд төрийн сангаас орлогын төлөвлөгөө өгч эхэлсэн.

ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Ухаалаг системийн суурийг буруу тавьсныхаа горыг “Улаанбаатар смарт карт”-ынхан харлаа. Жишээлбэл, тэд орлогын төлөвлөгөө гаргасан боловч орлого гүйцэхгүй байна. Гэтэл, төлөвлөгөөний тасарсан дүнг бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх мэт аахар, шаахар зүйлээр төлбөр тавих маягаар нөхөхийг оролдож эхэлсэн. Үнэн хэрэгтээ энэ хайрцаг огт байх ёсгүй зүйл. Смартынхан анхнаасаа буруу ажилласан болохоор ийм эрсдэл гарч байгаа юм шүү дээ. Анх карт тарааж байхдаа бүх хүнд үнэгүй өгөх ёстой байсан. Үйлчилгээ үзүүлж байгаа үед мөнгө орж ирсээр л байна. Үүгээрээ зардлаа нөхөх бүрэн боломжтой. Тэгээд мөнгөний машин тавих хэрэггүй байсан юм. Гэтэл картаа 3600 төргөрөөр зарсан. Нийтийн тээврээр зорчихын тулд зайлшгүй карт авах ёстой гэдгийг хэвшүүлэх хэрэгтэй. Анх ухаалаг системийг оруулж ирэхдээ бэлэн мөнгө хурааж авахыг устгах зорилготой байсан шүү дээ.

Бэлэн мөнгөний хайрцагнаас нь болж бас нэг асуудал гарч байгаа. Өөрөөр хэлбэл, орлогын төлөвлөгөөндөө хүрээгүй гэдэг шалтгаанаар төрийн сангаас оператор компанид өгдөг мөнгөнөөс суутгадаг болсон. Төлөвлөгөөг хянадаг, биелүүлдэг процессийг нь устгасан юм чинь хэдэн хүн бэлэн мөнгө төлсөн, хэд нь төлөөгүй вэ гэдгийг бид яаж мэдэх вэ. Жолооч энэ бүхнийг хянах боломжгүй. Яагаад гэвэл, анхаарал нь сарниад байвал зорчигчдоо аюулгүй тээвэрлэх баталгаагүй болно. Өмнө нь кондуктор төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бүх хүнээс мөнгөө авдаг байсан.

Уг нь ухаалаг үйлчилгээ бол маш зөв алхам. Үүний үр дүнд автобуснууд хоорондоо өрсөлдөж зорчигчоо булаалцалдахаа больсон. Гэтэл эргээд орлогын төлөвлөгөө нэхээд ирэхээр, оператор компаниуд автобусууддаа төлөвлөгөө өгнө. Тэгэхээр урд хойноо орж, уралддаг асуудал эхлэх гээд байна.

Ухаалаг үйлчилгээг нэвтрүүлж болно. Гэхдээ цаг хугацааны хувьд болоогүй байсан юм. Учир нь, чихэлдээд нэхүүлээд өгдөггүй байсан мөнгөө одоо шууд бүрэн хийнэ гэвэл ташаа ойлголт. Эцэст нь иргэдийн төлөөгүй мөнгөнийг авсангүй гэдэг шалтгаанаар бидэнд хариуцлага тооцдог болчихлоо.

ГАЖУУДАЛ

Монголын Улсын бүх салбарт болохгүй зүйл байна. Энэ бол гажуудал. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Жишээлбэл, нийтийн тээврийн инженер техникийн хүмүүсийн үгийг дарга нар сонсдоггүй. Улс төрийнхөн эдгээр мэргэжилтнүүдтэйгээ, инженерүүдтэйгээ ярьж, зөвлөдөггүй юм байна. Зөвхөн өөрийгөө тойрон хүрээлсэн хүмүүсээс мэдээллээ авч байгаа нь энэ гажуудлын гол шалтгаан. Сүүлийн 5-6 сар нийтийн тээврийн оператор компаниуд хүнд байдалд байна. Гэтэл ганц ч удаа биднийг суулгаад хуралдаж, зөвлөлдсөнгүй. Уг нь тухайн салбартаа мэргэшсэн сайн инженер, эрдэмтний багийг бүрдүүлээд санал бодлыг нь сонсч, бодлого шийдвэртээ тусгаж баймаар юм. Нийтийн тээврийг дэлхийн жишигт хүргэхийн тулд нэн түрүүнд парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Үүний тулд мөнгө санхүүг нь төсөвлөмөөр байгаа юм.

Нэн түрүүнд тулгамдаж байгаа нийслэлийнхээ нийтийн тээвэрт анхаарлаа хандуулмаар байна. ACEM-д зориулан хот хоорондын зорчигч тээвэрлэх 300 автобус авна гэж сонссон. Эдгээр автобусыг оператор компаниудад парк шинэчлэл гээд урт хугацааны зээлээр өгөөд мөнгөө гаргаад авч болно. Ингэснээр нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг. Хот хооронд явж байгаа автобусууд бас ч гэж гайгүй шүү дээ. 2008 оноос хойшх автобус байгаа бол хотод явж байгаа автобусны ихэнх нь 2004 оноос хойшх. Тиймээс л парк шинэчлэлт хийж нийслэлийн иргэдийн сэтгэлд хүрсэн аюулгүй, соёлтой, найдвартай үйлчилгээг үзүүлэх цаг нь болсон. Үүний үр дүнд Улаанбаатар хотын түгжирэл болон агаарын бохирдол багасна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Emeline
2016 оны 5-р сарын 4

If only there were more cleevr people like you!

Jennica
2016 оны 5-р сарын 6

Alexandra, moeder Dirk zegt:En wij, wachtende ouders op het sclhnlpoeio, maar denken dat groep 3 die dag de K van kaars hadden geleerd en dat ze daarom zo’n lekker geurend kaarsje mee naar huis namen.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *