А.Эрхэмбаяр: Цагдаагийн хувцсыг 10 жилд нэг удаа өөрчилдөг юм билээ

12-р сарын 23, 2016 11:45 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Зочин , Эдийн засаг , Ярилцах цаг Уншсан: 78
12-23-8h

Д.ОЮУНЧИМЭГ

Дүрэмт хувцас, техник, хэрэгслийн сургалт, судалгааны нийгэмлэгТөрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга А.Эрхэмбаяртай ярилцлаа.

 

Та байгууллагаа товч танилцуулна уу?

12-23-8Байгууллагын хувьд нийгэмд үйлчлэх байгууллага. Цэрэг, цагдаа болон бусад дүрэмт хувцастай байгууллагын хувцасны стандартыг олон улсын жишигт хүргэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн стандартыг нутагшуулахыг зорьж байна. Мөн тусгай хэрэгслийг олон улсын стандартын төвшинд хэрэглэж ашиглахад анхаарлаа хандуулж ажиллана.

Цэрэг, цагдаагийн дүрэмт хувцсыг тухайн удирдах албан тушаалтны сонирхолд нийцүүлэн өөрчилж байгаа тухай шүүмжлэл гардаг шүү дээ. Ер нь олон улсад хүчний байгууллагын хувцасны стандарт байдаг уу?

Би сонирхолдоо хөтлөгдөн цэрэг, цагдаагийн хувцсыг судалдаг. Энэ явцдаа олон зүйлийг олж анзаарсан. Түүнийгээ Монголдоо хэрэгжүүлэх юмсан гэж бодсон юм. Тухайлбал, Герман улс цагдаагийн хувцсыг 10 жилд нэг удаа сольдог. Энэ хугацаанд бага, багаар өөрчлөлт хийдэг юм билээ. Учир нь тухайн өмсч байх үед нь зарим нэг зүйлийг нь засч сайжруулах зайлшгүй шаардлага гардаг. Яагаад 10 жилийн давтамжтай байдаг вэ гэвэл, хувцасны загвар 10 жилийн давтамжаар өөрчлөгддөг байгаа юм. Мөн даавуу болон арьс ширэн материал энэ хугацаагаар өөрчлөлт ордог учраас загвар болон материалаа өөрчилдөг юм билээ. Манай улсаас бусад орон цэрэг, цагдаа болон бусад дүрэмт хувцас өмсдөг байгууллагын хүмүүсийн дийлэнх нь 18-28 насны залуучууд байна. Тэгэхээр тэдний сонирхож буй загварыг нь голчлохыг зорьж байгаа нь анзаарагдсан. Мэдээж хүн өөрийнхөө өмсч байгаа хувцсыг биед эвтэйхэн байдлыг харахаас гадна хүнд харагдах байдлыг нь чухалчилдаг шүү дээ.

Манай улсын хувьд ойрхон, ойрхон сольдог шүү дээ. Эндээс гарах үр дагаварыг та хэрхэн харж байна вэ?

Тиймээ, миний хувьд сонирхлынхоо дагуу судалсаар энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллаж ирлээ. Яалт ч үгүй дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас өөрчлөгддөг. Үүний сөрөг тал нь эдийн засагт тусна. Яагаад гэвэл, бид даавуу үйлдвэрлэдэг, арьс ширээ төдийлөн сайн боловсруулж чадахгүй байгаа. Ер нь хувцсыг үйлдвэрлэхэд үндсэн түүхий эдээс гадна туслах хэрэглэл гэж бий. Түүнд зарцуулах зардал их гэдгийг үйлдвэрлэгчид хэлдэг юм. Түүнээс гадна судалгаа хийх хугацаагүй байгаа нь эдийн засгийн хүндрэлийг үүсгэдэг. Мөн тухайн хүний биед хувцас нь дасан зохицоогүй байхад дараагийн шинэ хувцсыг хийх болж байгаа хэрэг.

Хамгийн сүүлд солигдсон цагдаагийн хувцас материалын болон загварын хувьд нэг хэсэг шүүмжлэл дагуулсан. Магадгүй энэ нь эдийн засагт ч мөн ачаа болсон байх?

Цэрэг, цагдаагийн хувцас гэдэг зэвсэг гэж ойлгож болно. Тухайн нийгмийн эрх ашгийг хамгаалахын тулд нийгэмд аюултай үйл явдал, үзэгдэлд цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчид дүрэмт хувцастайгаа очино гэдэг тэр хүн энгийн иргэдийн хувьд сүр бараатай, зэвсэг болж харагддаг гэдгийг судлаачид хэлдэг. Тэгэхээр бусад орнуудын хувьд цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувцасны нийтлэг  өнгө нь хар юмуу, хар хөх юм билээ. Дэлхийн жишиг болсон нийтлэг өнгөнөөс бид гажуудах учиргүй. Тиймээс л олон улсын стандартыг зайлшгүй нутагшуулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, тухайн алба хаагч хувцас, өмсгөл, техник хэрэгслээрээ тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлөхүйц байх шаардлагатай.

Манай монголчуудын бие организм онцлогтой. Эрчүүдийн дундаж өндөр нь 167 см, цээж урт, хөл богинотой байдаг юм шүү дээ. Манай судлаачид энэ онцлогт нь тохирсон загвар, материалыг сонгохыг зөвлөдөг. Үүнийгээ улам баяжуулах учиртай. Түүнээс сэтгэлийн хөөрлөөр, хувь хүний үзэмжээр шийдвэрлэдэг зүйл биш гэдгийг ойлох хэрэгтэй.

Сүүлийн үед нано даавуу үйлдвэрлэдэг болсон шүү дээ. Энэ материал цэрэг, цагдаагийн хувцсанд хэр тохиромжтой бүтээгдэхүүн гэж та боддог вэ?

Монгол хүний бие организмд тохируулан нано даавууг хэрэглэхэд буруудах зүйл үгүй. Цэрэг, цагдаагийн ажил маш их стресстэй юм шүү дээ. Үүнийг онцлоод байгаагийн учир нь стресс нь таргалалтыг үүсгэдэг. Ялангуяа гэдэсний таргалалт их үүсдэг гэдгийг олон жилийн судалгаагаар тогтоосон байдаг юм. Манай зарим удирдлагуудад буруу ойлголт байгааг засмаар санагддаг. Учир нь ажлын ачааллаас шалтгаалсан таргалалт нь дасгал сургуулилт хийснээр арилдаггүй юм. Түүнээс гадна АНУд тэнгисийн явган цэргийн хувцсыг хийх судлаачийн баг ажилладаг юм билээ. Тэдний гаргасан судалгаа нь эдийн засгийн болоод нийгмийн ач холбогдол өндөртэй байна. Өөрөөр хэлбэл, үнэ болоод чанарын хувьд ямар бараа материал байх шаардлагатай вэ гэдэг нь тодорхой болсноор эдийн засгийн хэмнэлт хийж болно шүү дээ.

Тусгай хэрэгслийн тухайд та юу хэлэх вэ?

Тусгай хэрэгсэл нь хугацаатай байдаг юм билээ. Тухайлбал, хэрэгсэл тус бүрээрээ хэдэн жилийн хугацаанд хадгалах вэ гэдэг нь стандарттай. Цэрэг, цагдаагийн хэрэглэж буй хантаазны халаас нь зүсэгдлээ гэхэд дахиж хэрэглэх боломжгүй гэх мэтээр төрөл болон хэрэглээнээсээ хамаараад тодорхой хугацаатай байна.

Манай улсын хувьд хамгийн их хэрэглэгддэг нь гутал. Тиймээс бид цэрэг, цагдаагийн гутлын чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл, чанарын шаардлага хангахгүй гутлыг өмссөн цагдаагийн алба хаагч өдөржин албаа гүйцэтгэж орой гэртээ харихад нь чийг татсан байдаг нь нууц биш.

Чингис хааны хэлсэн “Хувцасны дээд нь хуяг, дуулга. Найр хуриманд бүү өмстүгэй” гэснийг байнга санаж явах хэрэгтэй. 

zahialga

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Prix Levitra En France generic cialis overnight delivery Buy Zithromax In Uk

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *