А.Батбаяр: Орон зайн мэдээллийн тусламжтайгаар хот төлөвлөлтийг ухаалгаар шийдэж болно

10-р сарын 1, 2018 9:38 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 13
10-1-2й1

С.УЯНГА

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаярыг  урилаа.

СТАТИСТИКИЙГ  ОРОНЗАЙНМЭДЭЭЛЭЛТЭЙУЯЛДУУЛЖ,  ДҮНШИНЖИЛГЭЭХИЙВЭЛҮНЭНЗӨВ, БОДИТГАРНА

-Орон зайн мэдээллийг тоон газрын зураг гэж ойлгож болно. Монгол Улс өмнө нь 1:100.000-аас илүү нарийвчлалтай газрын зургийг нууцад хамааруулдаг байсан учраас энэ мэдээлэл хаалттай байсан. Харин өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Төрийн болон албаны нууцын шинэ хуулиар харьцангуй нээлттэй болсон ч байгууллагууд мэдээллээ албаны нууцад хамааруулаад хангалттай нээлттэй, тэр бүр хэрэглээ болгохгүй байна.

Орон зайн мэдээллийн систем  нь хаана, юу байна вэ гэдгийг тодорхойлох  дэлхийн гадарга дээр оршин байгаа обьект юм. Энэ орон зайн мэдээллийг боловсруулах, дүрслэхийн тулд программ хангамж, хэмжих  багаж зэрэг тодорхой технологи шаардлагатай. Мэдээллээ хэмжиж, стандартын дагуу боловсруулсны үндсэн дээр үнэ цэнэтэй, хэрэглэх боломжуудыг үүсгэж байдаг.  Мэдээж орон зайн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх, ашиглахын тулд техник технологи, нарийн мэргэжлийн хүмүүс, хууль эрхзүйн орчин шаардлагатай.

Орон зайн  мэдээллийг хэмжих, зураглах анхдагч нөхцлийг Геодозийн шинжлэх ухаан, геодезийн салбар бүрдүүлж  байдаг. Жишээлбэл, нэг шонгийн мод босголоо гэхэд зураглаж, хэмжиж зөв мэдээлэл бүрдүүлэхээс эхэлнэ. Тэгэхээр хүний нөөц, технологи, стандартаас гадна бүрдүүлсэн мэдээллийг зохицуулах  бодлогын баримт бичиг, эрхзүйн орчин чухал буюу энэ бүгдийг орон зайн мэдээллийн дэд бүтэц гэж байгаа юм.  Орон зайн мэдээллийг ач холбогдол, үр дүнтэйгээр ашиглахын тулд дэд бүтцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бодлогоор хүмүүсээ бэлтгэж, технологийг нь шийдэж, үндэсний стандартуудыг нь гаргаж өгөх ёстой. Тэр дундаа төрийн болон хувийн хэвшилд зохицуулалт, эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Гэтэл манай улсад энэ дэд бүтэц хангалттай бус. Хэдийгээр олон улсын хэмжээний технологиудыг ашиглаж байгаа ч стандарт маш хомс. Олон улсын стандартуудыг заавал үндэсний стандарт болгож батлуулах ёстой.  Гэтэл энэ чиглэлд манайх зөвхөн хоёрхон стандарт батлуулаад байна. Хууль эрхзүйн орчин дутмаг байгаа учраас Орон зайн мэдээллийн  дэд бүтцийн хуулийг батлуулахаар 2015 оноос хойш ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

 Орон зайн мэдээллийн системийг яагаад түлхүү ярих болсон бэ гэвэл 2011 онд НҮБ-ын дэргэд Дэлхийн орон зайн мэдээллийн зөвлөхүүдийн хороо /UN-GGIM/ байгуулагдсан. Энэ хорооноос улс орон бүр нэгдсэн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн мэдээллийн үүрэг оролцоо маш чухал гэж үзсэн. НҮБ-аас энэ чиглэлээр олон хурал зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөмж, чиглэл өгч байна. НҮБ салбар хороогоо Америк, Африк, Европ, Ази-Номхон далай зэрэг таван бүсэд хуваасны Ази номхон далайн салбар хорооны ерөнхийлөгчөөр Япон, дэд ерөнхийлөгчөөр Өмнөд Солонгос, Монгол Улс, нарийн бичгийн даргаар нь Хятад улс ажилладаг. Монгол Улс, тэр дундаа манай байгууллага нэлээд идэвхтэй ажилладаг.

Статистикийн мэдээллийг орон зайн мэдээлэлтэй нэгтгэж дүн шинжилгээ хийх нь үнэн зөв, бодит үр дүн гаргахад чухал үүрэгтэй юм. Ялангуяа, байгаль экологи, дэд бүтэцтэй холбоотой мэдээллийг орон зайн мэдээлэлд зураглаж дүн шинжилгээ хийж байж статистикийн үзүүлэлтээ гаргаж ирэх нь чухал болоод байна. Монгол Улсын замын сүлжээний мэдээлэл, түүнээс хэдэн км нь засмал зам гэх мэт. Байгаль орчны мэдээллүүд болох ой, ус, газрын бүрхэвчийн мэдээллүүдийн өөрчлөлтийг ашиглаад дүн шинжилгээ  хийж, хэдэн хувь нь цөлжөөд байгааг тооцоолоход орон зайн мэдээллийн хэрэглээ маш өндөр ач холбогдолтой. Ингэж бодит нөхцөл байдлыг үнэлж дараагийн шийдвэрээ гаргах нь илүү үр дүнтэйг НҮБ-аас зөвлөж байгаа юм. Хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд орон зайн мэдээллийг үр дүнтэй ашиглах асуудлыг тэргүүлэх бодлогоо болгож байна.

 10-1-2

ҮНДЭСЛЭЛТЭЙ, ҮР ДҮНТЭЙ ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ТУЛГУУР ШААРДЛАГА НЬ ОРОН ЗАЙН БОЛОН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН УЯЛДАА ХОЛБОО ЮМ

БЛИЦ

Төгссөн сургууль:

2005 онд: МУИС-ийн  Математик компьютерийн сургууль

2010 онд: Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургууль, магистр

2014 онд: МУИС-ийн Хууль зүйн сургууль

Ажилласан байдал:

2004-2006 онд: Нийслэлийн хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, мэргэжилтэн

2006-2008 онд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

2008-2013 онд: Нийслэлийн газрын алба, Хэлтсийн дарга

2013-2017 онд: Хувийн хэвшилд

2017 оноос: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга

-Орон зайн мэдээллийн хамгийн том хэрэглээ бол шийдвэр гаргахад чухал нөлөөтэй.Сүүлийн 2-3 жилд хийсэн дэлхий нийтийн орон зайн мэдээллийн менежментийн ажлуудын үр дүнгээс харахад үндэслэлтэй, үр дүнтэй шийдвэр гаргалтын тулгуур шаардлага нь орон зайн болон статистикийн мэдээллийн уялдаа холбоо юм.

Орон зайн мэдээллийн тусламжтайгаар  статистик мэдээллийг газрын зураг дээр харуулдаг учраас ямар ч хүнд хялбар ойлгогдоно. Мөн газарзүйн мэдээллийн технологид тодорхой мэдээллүүдийг автоматаар анализ хийж боловсруулж үр дүнг нь харуулдаг. Жишээлбэл, нэг багийн Засаг дарга шинээр худаг гаргах болоход магадгүй шаардлагагүй байршлыг сонгож болох юм. Хувийн сонирхлоор хандаад хамаатныхаа ойр худаг гаргаж болно. Тэгвэл одоо байгаа худгуудын байршил, гол ус гээд газарзүйн мэдээллийг тооцоолж хаана худаг барих ёстойг автоматаар тооцоод хамгийн оновчтой байршлыг санал болгодгоороо давуу талтай. Худгийн хажууд худаг санал болгохгүй л гэсэн үг юм. Сургууль, цэцэрлэг ч адил.Орон зайн мэдээллийн системээр аль хороо, дүүргийн хаана, хэдэн сургууль, цэцэрлэг барих ёстойг тодорхой норм стандартынх нь дагуу тооцоолж гаргана. Одоогоор 1940 оноос хойш хийсэн зураглал, мэдээллүүдийг тоон мэдээлэл болгоод ашиглаж байна. Гэхдээ төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох асуудал хүндрэлтэй байсан хэвээр байна. Орон зайн мэдээллийн дэд бүтцээр дамжуулж өөрсдөд байгаа мэдээллийг солилцохоос гадна хамгийн гол нь мэдээллийн чанар, үнэн зөв, шинэчлэгдсэн байдал чухал. Үндэсний хэмжээнд жишээ нь замын мэдээлэл гэхэд нэг л мэдээлэл ашигладаг болгохыг зорьж байна. Хаана, хэнд, ямар мэдээлэл байна гэдэг мэдээллийн тухай мэдээлэл буюу мета дата маш чухал. Мөн хэзээ, хэн, хаана боловсруулсан, ямар нарийвчлалтайг тодорхойлж байршуулдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэг мэдээлэл хэрэгтэй боллоо гэхэд мөнгө гаргаж дахин хэмжихгүйгээр байгаа газраас нь аваад ашиглах боломж бүрдэнэ. Зам, барилгын зураг төсөлд багагүй мөнгө, цаг зав зарцуулдаг. Гэтэл нөгөө зураг нь манайх дээр ч юм уу хаа нэг газар аль хэдийнэ хийчихсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл,  давхар үргүй зардал гаргаж байгааг болиулах юм.

ДЭЛХИЙ ДЭЭР ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИЖ БАЙНА

-НҮБ болон Дэлхийн банкны илтгэлүүдээс харахад орон зайн мэдээлэлтэй холбоотойгоор жилд дэлхий дээр 502 тэрбум ам.доллар  эргэлдэж байна. Гэтэл манайд тооцоолох боломжгүй. Дэлхий дээр орон зайн мэдээлэлд суурилсан дараагийн үр дүнг бусад салбарт ашиглуулдаг үйлдвэрлэл хөгжиж байна. Тухайлбал, үерийн аюул, ургацыг урьдчилан тооцоолж  харж байна.

Олон улсад орон зайн мэдээллийг ашиглаж анализ хийж байгаагийн нэг хэлбэр нь тодорхой цагуудад хотын аль хэсэгт хамгийн их түгжирдэг зэргийг тооцоолж, түүнийг хэрхэн шийдвэрлэх оновчтой шийдлүүдээ хэрэгжүүлснээр ухаалаг хотыг хөгжүүлж байна. Мөн ухаалаг гар утасны байрлал тогтоох систем, сансарын зурган дээр боловсруулалт хийж цөлжилт, зам барилгаас авахуулаад бүх зүйлийг хянаж байгаа нь том зах зээл байгааг харуулж байгаа юм. Манайх шиг мал аж ахуй, уул уурхай их ашигладаг улс орны хувьд сансарын зургийг үр дүнтэй ашиглах бүрэн боломжтой. Австраличууд гэхэд сансарын зураг ашиглаж уул уурхай, бэлчээрээ хянаж түүнийхээ үр дүнг цахим хуудас, мобайл апплейкшнээр дамжуулаад хэрэглэгчдэд хүргэж байна. Хөгжингүй орнуудад замын түгжрэлийг утсан дээр нь мэдээлж, иргэд тэр мэдээллийг тогтмол ашиглаж сурсан байх жишээтэй. Хятадад гэхэд гар утасных нь байрлалын мэдээллийг ашиглаж хүмүүсийнхээ шилжилт хөдөлгөөнийг цаг тутамд нь газрын зураг дээр харуулж байгаа зэргээс харвал бид ч оператор компанитай хамтраад дата анализ хийхэд түгжрэлийг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломжтой юм.

САНСАРЫН ЗУРАГ АШИГЛАЖ  УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДЫН ЯВЦ, ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ

-Газрын харилцааны салбар 1954 оноос эхлэлтэй. 1970 онд Геодози, зурагзүйн газар байгуулагдаж Монгол орныг зурагжуулах том ажлуудыг хийж байсан. Манайх газарзүйн нэр, хаягжилт, барилга, дэд бүтцийн сүлжээ, хилийн цэс, газрын ашиглалтын суурь мэдээллийг хариуцдаг. Түүнчлэн газрын бүрхэвч, өндөржилт, ус, геологийн мэдээллийг манай байгууллагаас бусад салбар авч ашигладаг. Геодози, зурагзүйн газар цаасан дээрх зураглалыг бүгдийг нь тоон хэлбэрт оруулж дууссан.

2011 оноос 1:25000 масштабтай зургийг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд нь хийлгээд дуусч байна. Мөн GPS, GNSS байрлал тогтоох станц 40 гаруйг улсын хэмжээнд байгуулсан. Байрлал тодорхойлох байнгын ажиллагаатай энэ станцуудыг газрын зураглал, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Тухайлбал, GNSS станцын мэдээллийг ашиглаад газар хөдлөлтийн идэвхжилийг тодорхойлох боломжтой. Япон гэхэд 1300 станцын мэдээллийг боловсруулж гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолдог байгаа юм. Мөн хот төлөвлөлт, барилгын чанарыг хянана. Сансарын зураг ашиглаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын явц, гүйцэтгэлийг хянах боломжтой. Газар ашиглалтын зөрчлийг илрүүлэх, жишээлбэл уул уурхайн газар ашиглалтыг хянах боломж бий.

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн мэдээллийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол юу юм бэ гэдэг талаар саяхан олон улсын зөвлөгөөн зохион байгууллаа. НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн хорооны Нарийн бичгийн дарга болон АНУ, Англи, Япон, Бангладеш, Индонези зэрэг 10 гаруй гадны хүмүүс ирлээ. Монголоос орон зайн мэдээллийг хэрэглэдэг салбар бүрийн төлөөлөл оролцлоо. Орон зайн мэдээллийн дэд бүтэц бол зөвхөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хийх ажил биш юм. Хүний нөөцийг бэлтгэх их, дээд сургууль, геодезийн хэмжил зураглалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниудын оролцоо, ТББ-ууд маш чухал. Олон улсын зөвлөгөөний үеэр Монгол Улсын хувьд Орон зайн мэдээллийг нийтлэг хэрэглээ болгох, энэ чиглэлээр баримтлах бодлогын баримт бичигтэй болох цаашлаад орон мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, солилцох, түгээх эрхзүйн орчин хуулийг батлуулах шаардлагатайг зөвлөснөөрөө чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *