80 жилийн түүхэнд хоёр усан цахилгаан станц байгуулсан нь бахархал

10-р сарын 30, 2018 7:25 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 14
10-29-2

Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хөгжлийн түлхүүр-Ус”, “Урсан өнгөрөх он жилүүд” номын нээлт, усны салбарын 80 жилд зориулсан баримтат кино, баярын хурал, хүндэтгэлийн концерт болсон юм. Нийслэлийн Байгаль орчны газар 2018 онд Усны салбарын 80 жилийн ойг угтаж Туул болон түүний цутгал голуудын онцгой хамгаалалтын бүсийн дагуу 300 ширхэг тэмдэгжүүлэлтийн самбар байршуулжээ. Мөн гурван булгийн эхийг тохижуулж хамгаалах, нийслэлийн ногоон бүсийн усны чанарт шинжилгээ хийж дүгнэлт гаргах, Сэлбэ голын эхийг тохижуулж хамгаалах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд нүхэн жорлон ашиглахыг хориглох ажлыг хийж гүйцэтгэсэн ажээ. Нөгөөтэйгүүр  манай улс 1990 оноос хойш усны бие даасан яамаа татан буулгаснаар стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүний бодлого алдагдаж хоёр хөршдөө найр тавин усны бодлогоо бариулах  боломж олгосон. Мөн УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж төлбөрийг одоо байгаагаас 50-60 хувиар бууруулахаар болж дээр нь малчид, тариаланчдаас  ус бохирдуулсны төлбөр авах заалт оруулсан нь иргэний нийгмийнхэн болон иргэдийн эсэргүүцэлтэй  тулгарч буй олон тулгамдсан асуудал дор энэ их ойгоо угтжээ. Ойн үеэр эдгээр асуудалд салбарынхан ямар байр суурьтай байдаг талаар эрдэмтэн судлаачид, иргэдийн  байр суурийг сонссон юм.

Усны үндэсний хорооны дарга асан, усны мэргэжилтэн П.Бадамдорж:

 МОНГОЛ УЛСЫН УСНЫ БОДЛОГЫГ ХОЁР ХӨРШ БАРЬЖ БАЙНА

-Би усны мэргэжилтэн. Энэ салбарт 40 жил  ажиллаж байна. Энэ хугацаанд Усны аж ахуйн яам гурван удаа байгуулагдаж хамгийн сүүлд 1986 онд татан буугдсан юм. ХААЯ, Эрчим хүчний яам, БОЯ гэсэн дөрвөн яам дамжиж усны асуудлыг хариуцаж байлаа. Усны салбарын түүхэн замналаас харахад усны салбар Монгол Улсад хэрэггүй мэт болсон. Яам татан буугдсанаар 1986-1990 оны хооронд усны газар, хэлтэс агенталгууд бүгд буусан. Энэ нь хоёр хөршид олз болсон. Хэрэв Монгол Улсад усны бодлого хэрэггүй болсон бол бид аваад явъя гэдэг байдлаар хоёр хөрш маань 1996-1997 онд Монгол Улстай хил усны хэлэлцээр байгуулсан байдаг. Үүнийг өнөөдөр эргээд харахад Монгол усны стратегийн бодлогоо хоёр хөршдөө найр тавиад өгчихсөн. Энэ хэлэлцээр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын усны  бодлогын стратеги нь Бээжин, Москвад байна гэж ойлгож байна. Өвөг дээдэс маань “Газар усаа хамгаалж яваарай” гэдэг үгийг байнга хэлж сургасаар ирсэн.  Газар ус хоёр салшгүй холбоотой гэдэг. Монголчууд тив алгасаж дэлхийн улс орныг эзэлж байхдаа хот байгуулж байсан болохоос биш ганц ч усан сан, нуур байгуулж байгаагүй. Усны салбарын 80 жил болж байхад газрын зураг дээр тэмдэглэж үлдээгүй хоёрхон газар усан сан нуур буюу усан цахилгаан станц байгуулсан. Энэ нь 2007 онд Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачлагаар байгуулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станц юм. Хэдийгээр эрчим хүч барих зориулалтаар барьсан хэдий ч Монгол Улсынхаа газар нутаг дээр усан сан байгуулсан юм. Нуур бий болгосон. Энэ бол 80 жилийн түүхэнд хийсэн манай салбарын бахархал. Нөгөөтэйгүүр алт, валютын нөөц гэж ярьдаг хэрнээ нутаг дэвсгэр дээрээ усны нөөцийн  сан, хиймэл нуур  байгуулсан тухай нэг ч удаа ярьдаггүй. Гэтэл бусад улс оронд өч төчнөөн далан, хиймэл нуур байгуулж усны нөөцийг хэдэн арван тонноор нөөцөлж байгаа тухай бичиж байна.

Монгол Улсын усны салбарын зөвлөх, техник,технологийн судлаач  доктор Л.Жанчивдорж:

УСНЫ ТЭЖЭЭМЖ ЯМАР ТӨВШИНД БАЙНА ТЭР ХЭМЖЭЭГЭЭР УСЫГ АШИГЛАХ ХУУЛЬТАЙ

Монголын эрдэмтэд усны нөөцийг тогтоосон зүйл байдаггүй гэх юм билээ. Жишээлбэл, Оюутолгойн уурхай газрын гүний болон гадаргын усыг хэрэглээд дууслаа. Говийн усгүйдэл хангай руу чиглэж байна гэдэг. Тэгэхээр  монгол орныхоо усны нөөцийг судлаад гаргаад тавьсан судалгаа, шинжилгээний баримт бичиг байна уу?

-Хоёр системийн туйлш­­ралын үед социа­лист орнуудын хамтарсан Севийн орнууд гэж байхад БНУАУ-ын тусламжтайгаар Монгол орны усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах, ерөнхий загвар, сав нутгийн загвар  зэрэг бүтээлийг туурвисан. Энэ бүтээл XX зууны шинэжлэх ухааны шилдэг бүтээлээр шагнагдсан. Энэ бүтээлд байгаа тоо баримт одоо болтол үнэ цэнэтэй. Дэлхийн усны эргэлттэй холбоотой учраас  үнэ цэнэтэй хэвээрээ. Бүх суурь мэдээллийг гаргаж тавьсан. Хуурай мөчлөг үргэжлэх үед хаана хуурайшилт явагдаж усны дутагдалд орох уу. Услаг мөчлөг үргэлжлэхэд хаана үер болох уу гэдгийг энэ судалгаагаар хийсэн. Тиймээс усны нөөцийг дуусах гээд байна. Хомсдож байна гэдгийг олон өнцгөөс буруу харсан яриа. Нөгөөтэйгүүр ОХУ, Хятад улстай харьцуулахад Монгол Улсад усны нөөц бүрэлдэх боломж муу. Далайн төвшнөөс хамгийн өндөр Гималайн нурууны дараа манай Алтай таван богд уул ордог. Энэ нь тунадас дэлхийн дундажаас 4-8 дахин бага ордог. Тэгэхээр хөрсөө тэжээх усны тэжээмж  бага. Тэжээмжийнх нь төвшингөөр усаа ашиглах хуулийн заалттай. Тухайн газар нутагт орж буй хур тунадас тэжээмжийнх нь төвшингөөр хэдэн тонн ус ашиглах ёстой. Тэр хэм­жээгээр л ашиглана гэсэн үг. Тэгэхээр говь хээрийн усны тэжээмж маш бага.

ТАН /Төлсөн авснаа нийтэл/ эвслийн зохицуулагч, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа:

ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ  МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨНӨ

Хууль боловсруулагчид бохирдуулсны төлбөрийг авах нь бизнес эрхлэгчдэд дарамт болно гэж мэдэгдсэн. Хувьдаа ашиг олж буй тодорхой бүлэг хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс болж улс орны стратегийн гол бүтээгдэхүүнийг хайр гамгүй ашиглах, бохирдуулах нь шударга ёсонд нийцэх үү?

-Хямралын үед бизнес эрхлэгчдэд дарамт учруулна гээд байгаа. Тэд зургаан жилийн өмнө баталсан хууль үнэхээр дарамт болох уу үгүй юү гэдгийг амьдрал, практикт шалгаж үзээгүй байснаа ямар үндэслэл, тооцоогоор дарамт учруулахыг тогтоогоод байгаа нь ойлгомжгүй, маш тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, 50-60 хувь бууруулж байгаа нь ямар үндэслэлээр, ямар аргачлал тооцооллоор гарсан байна вэ гэдгийг хуулийн ажлын хэсгийнхэн тайлбарлаж чадахгүй байгаа юм. Түүнчлэн өнөөдөр уул уурхай усыг бохирдуулагч хамгийн том асуудал үүсгэсэн салбар. Хамгийн их ус ашигладаг, маш урт хугацаагаар ус ашиглах гэрээ байгуулдаг. Гэтэл тэд ус ашигласны төлбөрийг бага төлдөг. Гэтэл ийм аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг талаас илүү хувиар төлбөрөөс нь чөлөөлнө гэж байна. Тэгсэн хэрнээ өнөөдөр малчид болон газар тариаланчдаас шинээр ус бохирдуулсны төлбөр авахаар заачихсан. Хонин толгойд шилжүүлснээр 300 толгой хүртэлх мал маллаж байгаа малчин, өрхийн хэрэглээний нэг га хүртэлх тариа ногооны талбайгаа усалж байгаа тариаланчдаас ус бохирдуулсны төлбөр авахаар заачихсан. Хууль тогтоомжийн тухай хуулиараа малчид, тариаланчдаас санал авсан уу, хэлэлцүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Бид Ажлын хэсгээс удаа дараа шахаж шаардсан. Хэрэв энэ хууль батлагдвал малчид, тариаланчдын эрх ашиг хөндөгдөх нь. Энэ хүмүүсээр Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийнхаа төслөө танилцуулж санал аваач гэсэн. Энэ ажлыг өнөөдөр хүртэл хийсэнгүй ирлээ. Ингэснээрээ хууль боловсруулагчид Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг оруулж хэлэлцүүлж байгаа нь хууль зөрчсөн явдал.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн н.Оюунчимэг:

УСНЫ АГЕНТЛАГ БАЙГУУЛАГДАХААР БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА

-Усны салбарыг ойн салбараас салгаж болохгүй. Ус ашиглалтын төлбөр гэж том тооцоог хэлдэг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ хоёр том гүрнээс гадна үндэстэн дамнасан корпориацуудын гар хөл манайд хэдийнэ орж ирээд эдийн засгийг болоод байгалийн баялаг дээр эзэн суусан. Өнөөдөр манай иргэний нийгмийнхэн хоёр хуваагддаг. ОХУ-ын ерөнхийлөгч Путин манай Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүйн төлөө байдаг. Үүнийг хамгаалсан, дагаж савсан түүгээр тэтгүүлсэн хэсэг бүлэг байна. Тэд Байгаль нуурын усны тэжээл муудна гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ манайд хойд хөрш  цахилгаан нийлүүл­дгээрээ шантаалчилдаг. Гэхдээ монголчууд маань сийрэг ухаантай хүмүүс болохоор нэгийг нөгөөгөөс нь ялгаж харж байна. Одоо бид татан буулгасан яамны хэмжээний бодлого барьдаг байгууллагатай болох хэрэгтэй байна. Харин усны агентлагтай болох талаар шийдвэр гаргасанд талархаж байна. Саяхан  Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас буцалтгүй тусламжаар 350 сая ам.доллар олж ирсэн. Энэ хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын усан хангамжийн асуудалд зориулна гэсэн үүнд талархаж байна. Мөн усны агентлаг байгуулах болсон Н.Цэрэнбат сайдад баярласнаа энэ үеэр хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

дорж хэнтий
2018 оны 10-р сарын 30

судалгаануудыг мэрэгжлийн яамдуудад сайн танилцуулах хэрэгтэй. усан сан ,УЦС барих байгуулахыг эсэргүүцэгчид их байна. загас их ярьдаг. хуримтлалт муу орон нөөцлөлт хийхээс өөр аргагүй гэдгийг ойлгодоггүй.эрчим хүчнийхэнтэй хамтрах хэрэгтэй. Ононд хилээс гарахыннь наана 40-50 мвт ын станц барих боломж бии гэхмэт .Эгийн УЦС ыг сан маягаар оросуудтай тохиролцож болно.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *