50 саяын төлөө 100 саяыг төл

10-р сарын 9, 2012 11:33 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 388

Б.СОЛОНГО

 Саяхан нэг тоо бодох хэрэг гарав. Цалин­гийн зээл авахаар хөөцөл­дөөд гэх үү дээ. Хоёр сая төгрөгийн зээлийг хоёр жилийн хуга­цаатай, хоёр хувийн хүүтэйгээр  авахаар болов. Сард 140 мянган төгрөг төлөхөөр байгааг миний хандсан эдийн засагч дуул­галаа. Ин­гээд хоёр жилийн дараа банкинд хэдэн төгрөг бу­цааж өгөхөө тооцоолтол 2.5 сая болчихов. За яахав, зээлийн дүн нь бага боло­хоор тийм ч их тоо гар­сан­гүй. Гэтэл орон сууцны зээл авахад хэдэн төгрөг хүүнд нь төлөх билээ гэж бодтол ухаан алдмаар тоо гардаг байгаа.

Манайд орон сууцны энгийн зээ­лийн хүүгийн хамгийн доод хэмжээ 1.6 хувь байгаа. Банкнаас 50 сая төгрөг гуйлаа гэж бодоход 10 жилийн дараа зөвхөн хүүнд нь 59 сая төгрөг буцааж өгөхөөр байна. Нийтдээ 109 сая гэсэн үг.

Гэтэл үнэн хэрэгтээ банкнаас гуйгаад байгаа 50 сая төгрөг өнөөдөр орон сууц авахад хаанаа ч хү­рэл­цэхээргүй болсон л доо. Хамгийн багаар бодоход л энэ.  Хэрэв зээлээ 15 жи­лээр авах юм бол сард 850 мянган төгрөг төлж, хуга­цааны эцэст нийтдээ 148 саяыг банкинд эр­гүүлэн өгөх нь. Тол­гой эргэмээр юм. Зээл­сэн мөн­гөө гурав нугалж төл­дөг зээлдэгч зөвхөн Мон­голд л байдаг байх. Дээрх тооцооллыг хийхдээ банк­ны хамгийн бага хүүг ашиг­­ласан гэдгийг ойл­гоорой. Зарим банкны орон сууцны зээлийн хүү бүр 2.1 байгаа шүү. Ямар­таа ч дахиад асар их тоо га­рах нь ойлгомжтой. Ийм нөхцөлд монголчууд яаж үл хөдлөх хөрөнгөтэй болж, биз­несээ урагш­луу­лах билээ дээ. Арил­жааны бан­куу­даа эрх­лүүлж, бод­ло­гын хүүгээ тэнгэрт тул­тал нь хөөр­гөчихөөд ир­гэ­дийнхээ амжиргааг дээш­лүүл­нэ гээд худал яриад суух юм.

Гадаадад бол сан­хүү­гийн зах зээл нь тогт­вортой учир зээлийн жи­лийн хүү нэг оронтой тоо­ноос хэ­тэрдэггүй. Хадга­лам­жийн хүү нь ч бага. Учир нь эрсдэл багатай. Төрөөс нь даатгалын тог­тол­цоог сай­тар зохицуулж өгсөн, бүх зүйл нь батал­гааж­сан бай­даг. Манайд үйл ажил­лагаа явуулж бай­гаа арил­жааны хэдэн банк нь хад­га­ламжийн хүүгээрээ хоо­рондоо өр­сөл­дөхөөс өөр зүйл хий­дэг­гүй. Тэд­нийг хэтэрхий хамгаалж, вакум орчинд бөөцийлж байгаа­гаас тэр. Монголын томоо­хон биз­нес­мэнүүд дотоо­дын бан­каас их хэмжээ­ний зээл авсан гэж сонсч байсан­гүй. Арга ч үгүй биз. Хүүг нь төлөх гэсээр биз­нес нь дам­пуурах байлгүй. Тэд га­даадын банкаас зээл авахыг илүүд үздэг. Ин­гээд л манай хөрөнгө га­даг­шаа урсаад дуусч бай­гаа юм. “Монголын бан­кууд 15 саяас илүү мөн­гө зээлдүүлж чаддаг­гүй” гэ­сэн яриа ор үндэс­гүй зүйл биш бололтой. Хэрэв өн­дөр хүүг нь тө­лөөд, найд­вар­тай үл хөд­лөх хөрөнгөө барьцаанд нь тавьж чадна гэвэл банкны зүгээс тат­гал­зах зүйлгүй. Тиймдээ ч тэд чадах нь л авна биз гээд дээшээ ха­раад сууж байна. Зээлийн хүүг буу­руу­лахын тулд мөнгөний бод­логыг тэр чигээр нь өөрчлөх хэ­рэгтэй л гэх юм. Мэдээж энэ бол бодлогын төвшинд хийх ёстой чухал асуу­дал. Нөгөө талаас арил­жааны банкуудын өр­сөлдөөнийг бо­дит бол­го­моор санагдах юм. Бодит гэ­дэг нь үнэ­хээр чадалтай, мөнгөтэй, зээлийн хүү нь бага тийм олон улсын бан­кийг Мон­голд оруулбал яасан юм. Жишээлбэл, дэл­­хийн 50 гаруй улсад салбартай олон улсын “Сити” банк байна. Хэрэв ийм банкны салбарыг Мон­голд бай­гуулчихвал манай банкууд жинхэнэ өрсөлдөөн гэд­гийг ойлгох биз.

Улсын эдийн засгийг банк, сан­хүү нь тодор­хойлдог гэ­дэг­. Гэтэл “Ма­най арил­жааны банкууд лом­бард­ны үүрэг гүйцэт­гэх төдий байна” гэж нэ­гэн эдийн засагч ярьж бай­сан нь үнэнд нийцсэн то­дорхойлолт болж таарлаа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *