50:50

11-р сарын 11, 2015 8:47 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 89
11-11-3h

Ч.ОЛДОХ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 47 гишүүн өргөн барьсан нь хуульч гишүүд, судлаачдын дунд мэтгэлцээн өрнүүлж байна. Энэ сэдвээр Үндсэн хуулийн төслийг эхбарьсан Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын  гавьяат хуульч Б.Чимид агсаны шадартуслахаар ажиллаж байсан судлаач, доктор П.Хишигбаяр, Хуульзүй, дотоод хэргийн  сайд асан, УИХ-ынгишүүн Ц.Нямдорж нарын байр суурийг сонирхлоо.

-Үндсэн хуулийг өөрчлөхөд  юу анхаарах ёстой  вэ?

-Оруулахаар ярьж буй зүйл, заалтыг юу гэж үзэж байна?

-Хугацаандаа хэлэлцэж, баталж амжих болов уу?

Ц.Нямдорж: ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ

•Үндсэн хуулийг яаж өөрчлөх гэж байгааг нарийн ярих асуудал. Жишээ нь, өнөөдөр зөв гэж байсан юм буруу тийшээ эргэчихээд байна шүү дээ.  Энэ Их хурал, олигархичин бүрэлдэхүүнээрээ цааш явбал Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог зарчмаас татгалзаж болохоор дүр зураг харагдаад байна. Өргөн барьсан төслөөр Ерөнхий сайд гэж дийлдэшгүй эрхтэй  амьтан гарч ирж  бүх сайд нараа томилж, Засгийн газрыг Их хурлын хяналтгүй болгож, дургүй нь хүрвэл Их хурлаа тараагаад хаячих дарангуйлагч болох бололтой. Их хурал нь ч тарахаасаа айгаад юм ярьж чаддаггүй. Цаад тал нь бөөн идэлт, уулт, олигархиудын зөрчил тэмцэл үүснэ. Энэ аюул. Тэгэхээр өргөн барьсан  төслийг  дэмжиж хэрхэвч  болохгүй.Эд хүчээр шийдээд санал асуулгад оруулах хэлбэр рүүгээ явбал  би Ард нийтийн санал асуулгад оролцохгүй байхыг  уриална.

• 99 гишүүнтэй, есөн яамтай  болох юм гэнэ. Гурван есийн тоо байгаа биз. Ноднин 888 төсөл гэж нэг юм гаргаж ирээд нурсан. Одоо 999 болж байгаа юм байна л даа. Дандаа бөөгийн тоонууд дотор нь явж байгаа байхгүй юу.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах л юм гэнэ, гурван хуулийг нийлүүлээд Сонгуулийн хуулиа өөрчлөх гэнэ, тэгээд  гурван сонгуулиа нэгдсэн хуулиар  явуулна л гэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой  Ард нийтийн санал асуулга хийх л юм гэнэ. Гэнэт нэг өдөр нөгөө цэлмэг тэнгэрээс бороо ордог шиг юм боллоо.  Энэ бүтэхгүй. Нэгдүгээрт, энэ Их хуралд Үндсэн хуультай холбоотой асуудлуудыг  хэлэлцэх ёс суртахууны эрх  байхгүй. Энэ их хурлаар хийлгэж  огт болохгүй. Нэр нүүрээ барсан энэ Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байсан юм бэ. Хоёрдугаарт, энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг манай нам Удирдах зөвлөлөөрөө ч хэлэлцээгүй, УИХ дахь бүлгээрээ ч хэлэлцээгүй. Ялангуяа Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг юмыг нэг ч яриагүй. Доторх нарийн ширийн юмнуудыг нь одоо л дөнгөж уншиж эхэлж байна. Гэтэл арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулна гэсэн  хугацааны хайчинд орчихсон байдалтай байгаа. Нэгэнт оруулж амжихгүй өөрчлөлтийг хэлэлцэж цаг зарж яадаг юм. Тэр тухай ярих ч илүү.

•Ерөнхий том зургийг нь харахад олон нийтийн анхаарлыг хүнд байгаа том асуудлаас холдуулж цаг хожих гэсэн улстөрийн луйвар явж байна.  Үндсэн хуулийг сайжруулах санал гэхээс илүү төрийн ээлжит жүжиг тавигдаж байгаа.

П.Хишигбаяр: АЛДАА БИТГИЙ ГАРГААСАЙ

• Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа болгоомжтой хандах ёстой. Алдаа бүү гаргаасай гэж бодож байна. Нэрийг нь  “Монгол Улсын Эх хууль” болгож  өөрчлөх гэж байгаатай санал нийлэхгүй байгаа.  Бүх улс үндэстэн эх хуулиа Үндсэн хууль гэж нэрлэдэг. Түүнээс Эх хууль гэж нэрлэдэггүй. Монгол Улс ганцаараа онцгойрох гэж байгаагийн шалтгааныг сайн зүйл гэж бодохгүй байна. Тэртэй тэргүй Үндсэн хууль гэсэн нэр шигшигдэж гарч ирсэн нэр томъёо. Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Нэг хуулийн нэрийг өөрчилснөөс болж, зөвхөн агуулгын хувьд төдийгүй бичиг,баримтын засвар гэхчлэн  үргүй зардал хэчнээнээр тооцогдохыг тооцоолшгүй. Хүмүүсийн сэтгэлгээг айхтар өөрчлөхөөр агуулгын томоохон өөрчлөлт ч биш.

• Их хурлын 76 гишүүний тоог 99 болгоё,  сонгогдож ажиллах жилийг нь дөрөв биш тав болгоё, түүнийг дагуулаад аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхийн хугацааг тав болгоё  гэж байна. Их хурлын гишүүдийн эрх, үүргийн талаас авч үзвэл 76 гишүүний эрх, улсын төсвөөс авдаг цалин, халдашгүй байдал гэхчлэн томоохон эрхийн асуудлууд бий. Үүрэг гэхээр 76 гишүүд бүгд өөрт ногдсон үүргээ биелүүлж чаддаг уу гэхэд наад зах нь хуралдаа суухгүй байхаас эхлээд сонгогчдод амласнаа биелүүлдэггүй зэрэг олон асуудал бий. Тэгэхээр энэ тоо 99 болсноороо үүрэг хариуцлага тодорхой болохгүй. Харин төр данхайх, Ерөнхийлөгчийн яриад байсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн бодлого хэрэгжихгүй байх сөрөг үр дагавартай. Гишүүний сонгогдож ажиллах жилийг  уртасгах нь  өөрсдөдөө боломж олгох гэсэн байдал юм.“Давхар дээл”-ний асуудал дахиж орж ирсэн. Ерөнхий сайдад засгийн бүх эрхийг өгч байгаа юм бол Их хурлын төлөөллийг оруулах нь ямар учиртай вэ гэсэн бодол байна. Харин яамдын тоог  ес болгож хатуу хуульчлахыг дэмжинэ. Ерөнхийлөгчийг сонгохдоо Их хурлын гишүүд, дээр нь аймгуудын ИТХ, нэр бүхий хотуудын төлөөлөл оролцоно гэж байгаа нь  хараат Ерөнхийлөгчийг бий болгох эрсдэлтэй.

• Ерөнхийдөө  энэ Их хурал өөрийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхөөр шахаж, хугацааг богиносгох байдал харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *