470 бичил уурхайчин газартай болжээ

10-р сарын 29, 2012 10:19 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 499

Б.СОЛОНГО

 Дахиад 470 хүн ажлын байртай болжээ. Энэ бол баяртай мэдээ. Баяртай мэдээ гэдгийн учир нь айх, хөөгдөх аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломж дахин 470 хүнд нээгдсэн гэсэн үг.

Баянхонгор аймгийн “Хувиараа ашигт малтмал эрхлэгчдийг дэмжих хол­боо” төрийн бус байгуул­лага эгнээндээ 470 орчим бичил уурхайчныг ажил­луулдаг. Өмнө нь нэг нэ­гээ­рээ энд тэнд хөөгдөж, осол аваарт өртөх байнгын аюул дор алт ухдаг байсан тэд нэгдсэн удирдлагатай болж, тодорхой дүрэм жур­мын дор хамтран ажиллаж эхэлсэн юм. Тус төрийн бус байгууллага нь дэргэдээ аврах албыг бай­гуулж, бичил уурхайч­дынхаа аюулгүй ажилла­гааг ханган, олсон орлогоо тэгш хуваарилах дүрэм­тэйгээр ажиллаж иржээ. Тэдэнд нэг л зүйл байхгүй байсан юм. Юу гэвэл газар. Хууль ёсны газартай болохын тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймгийн удирдлага хий­гээд уул уурхайн компа­ниудтай яриа, хэлэлцээр хийсээр ирсэн байна. Энэ ажлынх нь үр дүн ч гарч. Баянхонгор аймгийн иргэ­дийн төлөөлөгчдийн хурал, “Хувиараа ашигт малтмал эрхлэгчдийг дэмжих хол­боо”, “Special mining” компанийн хооронд ха­рил­цан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ ажлын дараагийн шат болох гурвалсан гэ­рээг байгуулснаар үүрэг, хариуцлагаа  ухамсарлана гэж амалсан 470 бичил уурхайчин ажлын байртай болох нь тэр. “Special mini­ng” компани нь өөрийн лиценз бүхий талбайгаас 30 га хэсгийг бичил уур­хайчдад өгөхөөр болов. Өөрөөр хэлбэл тэднийг хөөхгүй, амар тайван ажил­луулна гэсэн үг.

Тэдгээр бичил уурхай­чид энэ талбайгаас алт олбор­лож, олсон орлогоо ху­римт­луулан ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах учиртай. Мэдээж бичил уурхайчид хариуц­лага хүлээнэ. Өөрсдийн­хөө төлөө аюулгүй ажил­лагааг хангана, байгаль орчноо нөхөн сэргээнэ, орон нутаг компанийн удирдлагуудтай хамтарч ажиллана, цаашдын амьд­ралынхаа хуримтлалыг үүсгэнэ. Нэгэнт амьдра­лын шаардлагаар үүссэн энэ ажлын байрыг тодор­хой дүрэм журам, хуу­лийн дор нэгтгэх зорил­го­той Швейцарийн хөгж­лийн агентлагийн Тогт­вор­той бичил уурхай төс­лийнхний бас нэг урамтай ажил энэ болов. Өмнө нь Төв аймгийн Заамар суманд “Энх мөнх эргэх холбоо” төрийн бус бай­гууллага “Мон дулаан трейд” компани, Төв айм­гийн иргэдийн төлөөлөгч­дийн хурал хамтран гур­вал­сан гэрээ хийж, өдгөө Заамар сумын бичил уур­хайчид тогтмол орлоготой, ажлын байртай болсон бодит туршлага байгаа юм.

Өмнө нь тус нутагт мотоцикл унасан олон нинжа шөнө оройн цагаар компанийн газар луу дайрдаг, байгаль орчин сүйтгэдэг, хулгай дээрэм гардаг гээд олон муугийн жишээ болж байв. Харин одоо бол тус нутагт ийм дүр зураг огт байхгүй. Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид зориулалтын хамгаалалтын хувцастай, багаж хэрэгсэлтэй. Нийг­мийн даатгал, эрүүл мэн­дийн даатгалын шимтгэл төлж, тогтмол ажлын байртай болсон.

Одоо Баянхонгорын иргэдэд энэ боломж нээгдсэн гэсэн үг. Энэхүү гурвалсан гэрээг удаан хугацаанд хөөцөлдсөний үр дүнд эхний санамж бичгийг байгуулж чадсан­даа талууд баяртай байгаа­гаа илэрхийлж байлаа.

 Г.Батжаргал:

БИЧИЛ УУРХАЙЧИДДАА ИТГЭЖ БАЙНА

 Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргалтай ярилцлаа

-Танай аймагт бичил уурхайчдын байдал ямар байгаа вэ. Аймгийн удирд­лагуудын зүгээс энэхүү гэрээ байгуулах ажлыг хэрхэн харж байна?

-Манай аймагт 2000 оны зуднаас хойш малгүй болсон иргэд бичил уур­хайн үйл ажиллагаанд орсон. 2008 он хүртэл энэ ажил замбараагүй хэвээр байв. Энэ оноос Швей­царийн хөгжлийн агент­лагийн Тогтвортой бичил уурхай төсөл манай аймагт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ олон иргэдийг зохион байгуу­лалтад оруулах, тэд нарыг хуулийн хүрээнд оруулах ажлыг зохион байгуулсан. Журмын хүрээнд бичил уурхайчид гурван газарт ажиллах эрхтэй болсон юм. Өнөөдрийн нэг тал болж оролцож байгаа төрийн бус байгууллагын гишүүн 54 нөхөрлөлд 470 гаруй иргэн хамрагдаж байгаа. Энэ хүмүүс амьд­рахын эрхэнд л ийм ажил хийж байгаа. Харин зо­хион байгуулалтад орсноор их хариуцлагатай болсон. Бид гурван жил энэ гэрээг хийхээр зорилоо. Энэ бүх­ний эцэст “Special mining” компани нийг­мийн хариуцлагаа ухам­сар­лаж, өөрийн эзэмш­лийн талбайгаас нийтдээ 2-3 мянган тонн алтны хүдэр бүхий 30 га талбайг хоёр жилийн хугацаанд эзэмшүүлэх харилцан ойл­голцлын санамж бичгийг байгуулж байна.

-Бичил уурхайчдын аюулгүй ажиллагааг хэрхэн хангах вэ?

-Энэ талбай нь үндсэн ордын талбай байгаа юм. Гол нь энэ хүмүүс чулуу­тай харьцаж байгаа учир тэсэлгээ хийх хэрэг­тэй болно. Одоо газрынх нь асуудлыг шийдчихэж бай­гаа учир мэргэжлийнх нь байгууллага тэсэлгээг нь хийгээд өгөх боломжтой. Бидний санаа зовж байгаа зүйл шийдэгдсэн гэсэн үг. Мөн хоёр гурван жилийн турш аврах олон сургалтыг энэ хүмүүст зохион бай­гуул­сан. Энэ хугацаанд ямар ч зөрчил, осол гараа­гүй. Тэгэхээр бичил уур­хай­чиддаа найдаж байна.

-Бичил уурхайчид нөхөн сэргээлтийг хэрхэн хийх ёстой вэ?

-Өөрсдөө хийнэ. Санамж бичгийн хүрээнд компани, орон нутгийн захиргаа, нөхөрлөлүүд гэрээ байгуулж байгаа. Журмын хүрээнд нөхөн сэргээлтийг яаж хийх вэ гэдэг нь тусгагдсан байгаа.

-Олборлосон алтаас компани хувь хүртэх үү. Өөрсдийн газраа зүгээр ашиглуулна гэхээр гайхаад байна л даа?

-Компанийн зүгээс ямар ч тийм шаардлага тавиагүй.

-Орон нутгаас бичил уурхайчдын цаашдын амьд­ралын баталгааг хангах чиглэлээр ямар ажил хийж байна?

-Манай аймагт 1950 орчим бичил уурхайчин байна. Зохион байгуулал­тад орчихсон байгаа нь 1000 орчим хүн байна. Үлдсэн хүмүүсийг зохион байгуулалтад оруулах шаард­лага байна. Байга­лийн баялгийг зөв зүйтэй ашиглахын тулд төрийн оролцоог бий болгох, иргэдтэйгээ зөв харилцах юм бол орон нутгийн хөг­жилд оруулах хувь нэмэр нь их байдаг. Энэ хүмүүс газартай болно гэдэг байнгын ажлын байртай болж байгаа гэсэн үг.

 Б.Баттөр: ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАВАЛ ГЭРЭЭГ СУНГАСАН Ч БОЛНО

 “Special mining” компанийн захирал Б.Баттөр ингэж ярилаа.

Та бүхэн компанийн­хаа газраас өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг яагаад гаргах болов?

-Манайх лицензээ аваад олборлолт хийгээгүй байгаа л даа. Манай компани ямар ч байсан энэ тал дээр татгалзах зүйлгүй байгаа. Санамж бичгийг одоо байгуулах гэж байна. Энд үл ойлгол­цох асуудал алга. Дараа нь гэрээ байгуулахад асуудал гарахгүй гэж бодож байна. Бүх зүйл хуулийн дагуу явбал бидэнд татгалзах зүйл байхгүй.

-Та нарын зүгээс тодорхой шаардлага тавьж байгаа юу?

-Гэрээнд заасны дагуу ажиллавал хугацааг сунгаж болно. Манайх хэдий 30 га талбайгаа өгч байгаа ч замбараагүй нүх ухаад байхыг зөвшөөрөх­гүй. Өөрөөр хэлбэл нэг нөхөрлөл нэг газар нүх ухаад юм гарахгүй боло­хоор нь өөр газар ухаад байхыг зөвшөөрөхгүй гэсэн үг. Яахав үнэхээр юм гарахгүй байвал хоо­рондоо асуудлаа ярилцаад шийдэж байхыг хүсч байгаа.

 Л.Бямбадорж:

БИД ГЭРЭЭНДЭЭ ЮУГ ТУСГАХ ВЭ ГЭДГЭЭ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

 “Хувиараа ашигт малт­мал олборлогч иргэдийн дэмжих холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Л.Бямбадоржтой холбогдлоо.

-Та бүхэн гурвалсан гэрээнд хүрэх эхний алхмаа хийлээ. Сэтгэгдэл ямар байна?

-Харилцан ойлголц­лын санамж бичигт гарын үсэг зурснаар Засгийн газрын журмын дагуу гурвалсан гэрээг хийх боломжтой боллоо. Бид их баяртай байна. Яг одоо гэрээнд ямар зүйл заалт оруулах тухайгаа хэлэл­цэж байна. Энэ санамж бичигт гарын үсэг зурна гэдэг нь гэрээ байгуулах зөвшөөрөл гэсэн үг юм.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *