Н.Наранбаатар: Хэчнээн гоё санаа байсан ч хэрэгжүүлэх эрх мэдэл алга

5-р сарын 18, 2017 8:20 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 11
5-18-1h

С.УЯНГА

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.

Өмнөговь аймгийг ирэх дөрвөн жилд хэрхэн хөгжүүлэхээр зорьж байна вэ?

Мөрийн хөтөлбөртөө иргэдийн саналыг тусгаж 166 заалт, дөрвөн бүлэгт хувааж өнгөрсөн есдүгээр сард ИТХаар батлуулсан.Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж бүх сум, байгууллагаар хэлэлцүүлсэн. Аймгийн төвд л гэхэд 11 удаа хэлэлцүүлж, саналыг нь сонссон. Иргэн төвтэй хөтөлбөр болсон гэж дүгнэж байгаа. Иргэд ажлын байр дутмаг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ муу гэх зэрэг санал ирүүлсэн. Мөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд бүтээн байгуулалт хийе гэхээс илүү амьжиргааг сайжруулж өгөөч гэсэн зүйлийг хэлж байна. Зам тавьж, байшин баръя гэж хэлэх хүн бараг алга.

Манай аймагт өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалт хангалттай хийгдсэн. 1200 хүүхдийн хүчин чадалтай улсдаа хамгийн том сургууль бий. Мөн цэцэрлэг, заал танхим  хангалттай. Худалдаж авах мөнгө нь байдаг бол орон сууц хүрэлцээтэй. Тиймээс аймгийг ирэх дөрвөн жилд хөгжүүлэх төлөвлөгөөгөө иргэн төвтэй мөрийн хөтөлбөр байх ёстой юм байна гэж үзэж боловсруулсан. Тухайлбал, боловсролын салбар руу чиглэсэн дэд хөтөлбөр гэхэд Оюуны хурд гээд математикийн дөрвөн жилийн хичээл, Эрүүл мэндийн дэд хөтөлбөр нь эх нялхсын эндэгдлийг бууруулах, Өрх гэр бүл, Эрүүл шүд аян, Элэг бүтэн Өмнөговьчууд зэрэг хөтөлбөрүүд бий. “Элэг бүтэн Монголхөтөлбөрийг манай аймаг өнгөрсөн жил хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан юм. Түүнчлэн ажлын байр бий болгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн салбар  болгон руу чиглэсэн ажлыг хийхээр зорьж эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. “Элэг бүтэн Монголхөтөлбөрийн нээлтийг хийгээд 18-аас дээш насны аймгийнхаа бүх иргэнийг  элэгний В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамруулж эхэлсэн. Алслагдсан сумд руу  хөдөлгөөнт технологи явуулж байна. “Англи хэлтэй Өмнөговьчуудхөтөлбөрийн хүрээнд Энэтхэг рүү таван багшийг шалгаруулж зургаан сарын сургалтад явуулсан.

Өмнөговь аймаг уул уурхайд түшиглэсэн учраас ажлын байр, иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй сайн байх. Ажилгүй иргэд хэр олон байна?

Хөдөлмөрийн хэлтэс дээр ажил идэвхтэй хайж байгаа 900 гаруй хүн бүртгүүлсэн байдагАжилгүй хүмүүс байгаа ч аймаг, суманд өдрийн 30 мянган төгрөгөөр барилгын ажил хийлгэе гэхээр хүн олдохгүй байна. Улаанбаатар хот, Дундговь аймгаас хүмүүс ирж ажиллаж байна. Аймгийнхан уул уурхайн компанид ажилладаг, дээр нь хилийн боомтоор наймаа хийгээд боломжийн орлого олчихдог учраас иймэрхүү ажил хийх сонирхолгүй байх. Улаанбаатараас залуучууд ирж мөнгөөр ямаа самнаж байна. Нутгийнхнаас бол олдохгүй. Гуравдугаар сард уул уурхай, барилгын 52 компани оролцсон ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. 599 сул ажлын байр зарлаад 980 хүн бүртгэсэн. Одоогоор ажил олгогчийн шаардлага хангасан 200 гаруй хүнийг  ажилд авсан байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгасан оёдол, арьс ширний үйлдвэр зэргийг  хөнгөлөлттэй, бага хүүтэй зээлээр бариулж уул уурхайн компаниудтай холбож өгөх байдлаар ажил эрхлэлтийг дэмжих бодлого барьж байна.

Засаг даргын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээс гадна ирэх дөрвөн жилд 20-оос доошгүйг бий болгохоор тусгасан. Ноос, ноолуур, арьс, шир, оёдол, махны үйлдвэрүүдийг дэс дараатайгаар барина. Түүнийгээ  уул уурхайн компаниудад нийлүүлнэ. Манай аймагт Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт гээд 14 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Орон нутгаас ажилчин авч ханган нийлүүлэлт хийнэ. Мөн орон нутагт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн чиглэлээр гэрээ байгуулсан. Оюутолгой болон аймаг гэсэн хоёр талын хүний нөөцийн ажлын хэсэг байгуулсан. Аймагт жилд таван сая төгрөг өгдөг. Хамтарсан ТУЗ байгуулаад асуудлаа шийдвэрлэдэг. Бусад компанитай ийм байдлаар хамтарч ажиллаж байгаа.

Уул уурхайн нөхөн сэргээлт, лиценз олголтын асуудал байнга хөндөгддөг. Энэ чиглэлд ямар бодлого барих вэ?

Уул уурхайн компаниуд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулдаг. Хуулийн дагуу нөхөн сэргээлтийн мөнгөө суманд нь барьцаа маягаар байршуулаад үйл ажиллагаагаа дуусахаар нөхөн сэргээлт хийгээд явна. Анх иргэд нинжа маягаар ухаад хаядаг байсан бол өнгөрсөн намраас хойш зохион байгуулалтад оруулж  бичил уурхай эрхлэгчдийн холбоо байгуулаад хууль, журмын дагуу ажиллуулахаар болсон

Шинэ Даланзадгад хотыг байгуулж эхэлсэн байна. Ямар төлөвлөлт, зохион байгуулалтаар  бий болгох вэ?

Арваад жилийн өмнө шинэ Даланзадгадын ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Аймаг тэр үед 40 мянган хүн амтай байсан бол одоо уул уурхай дагаад асар хурдацтай өсч 60 мянга болсон байна. Үүнийг дагаад цэцэрлэг, сургууль гээд бүх зүйл хэрэгтэй  болж байна. Иргэд газар өмчилье гэхээр аймгийн төвд сул газаргүй болсон. Тиймээс зайлшгүй шинэ бүстэй болох шаардлага тулгарсан. Иймд дэд бүтэц, холбоо харилцаа, зам харгуйгаа тооцож аймгийн төвөөс зүүн хойшоо тэлэхээр төлөвлөсөн. Ээлж дараатайгаар жил бүр тодотгож байна.

Энэ янзаараа аймгийн хүн ам хэдхэн жилийн дараа 100 мянга давах учраас шинэ Даланзадгад хотоо эртнээс бэлтгэж ажлаа эхэлж байна. Сургууль, цэцэрлэгээсээ эхлээд төрийн үйлчилгээний газруудаа барьж эхэлсэнЦахилгаан, засмал замынхаа асуудлыг шийдвэрлэсэн.

Одоо Өмнөговьд тулгамдаж байгаа асуудал юу байна?

Цагаан хад буюу Гашуун сухайтын боомт болон замын эвдрэл гэмтлийн асуудал маш хүнд байна. ЗамыгЭнержи ресурсгэж хувийн компани барьсан мөртлөө төрд шилжүүлсэн. Засвараа хийдэггүй. Нэг машинаас 250-360 мянган төгрөгийн татвар авдаг гэсэн. Өдөрт 1200 машин гэж бодохоор 360 сая төгрөг болно. Сард хэдэн төгрөг болох вэ. Тэр их мөнгө хаашаа орчихоод замаа засварлахгүй байгааг ойлгодоггүй. Замын нүхийг тойрч явах гэж байгаад том машинууд мөргөлдөж хүний амь эрсдэж байна. Энэ асуудлыг маш олон удаа ярьсан. Төр, засгаас тодорхой ажил хийхгүй байна. Ерөнхий сайд, Шадар сайд, гишүүд ирж үзээд явсан.

Цагаан хад орчмыг хөгжүүлье, ерөнхий тө­лөв­лөгөө гаргаад ба­рилга байшин бариад, га­зар эзэмшүүлье гэдэг асуу­дал тавиад нэмэргүй. Засаг даргын эрх мэдэл хүр­дэггүй. Хил дээр ажилладаг хил, гааль, гадаадын иргэн харъяат, мэргэжлийн хяналтын байгууллага бүгд босоо удирдлагатай. Хоорондоо уялдахгүй мөртлөө аймаг ямар ч мэдэлгүй. Хэн хариуцаж яаж явах нь тодорхойгүй. Хятадад боомтын захиргаа нь бүх асуудлыг зохицуулдаг. Манайд бол хэн нь хариуцах нь мэдэгдэхгүй дөрвөн тийшээ харсан хүмүүс байдаг. Хууль эрхзүйн орчныг сайжруулаад тодорхой хэмжээнд аймгаас хяналт тавьдаг болж боомтын захиргаатай байх хэрэгтэй. Тэнд 3-4 мянган хүн ямар ч эзэнгүй архи ууж, зодолдоод, машинд дайруулж үхээд байж байна. Ням гаригт нэг өдөр амрахаараа бүтэн архидалт болдог. Энэ асуудлыг олон удаа тавьж, албан бичиг өгөөд нэмэр алга. Уг нь Ерөнхий сайд ирж үзээд явсан. Гудамж төсөл хэрэгжүүлээд Улаанбаатар гоё болсон. Харин одоо Монгол УлсБоомттөсөл хэрэгжүүлэх цаг болсон гэж хэлж байсан. Бүх боомт адилхан байгаа. Тиймээс боомт төсөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Таны хувьд аймаг орон нутгаа хэр сайн мэдэх вэ. Мөн ажил аваад багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн албан хаагчдад ямар шалгуур тавьж байна вэ?

-1996 оноос хойш мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, газрын даргаар төрийн албанд тасралтгүй ажилласан. Төрийн өмчийн  хороонд ажиллаж байгаад 2002 онд аймагтаа Татварын даргаар ажилласан. Үргэлжлүүлээд таван жил Тамгын газрын даргаар ажиллалаа. 2009 онд сонгуулийн үр дүнгээр удирдлага өөрчлөгдөхөд АНУын Калифорнийн их сургуульд сурч мастер хамгаалсан.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга байсан учраас төрийн албан хаагч ямар байх ёстойг мэднэ. Засаг даргын ажил авсны дараа улс төрийн албан тушаалтнуудыг  сольсон. Угаасаа сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөж байх ёстой. Харин Тамгын газрын даргаас доошх албан тушаалтнуудыг улс төрийн шалтгаанаар хольж солих шаард­лага­гүй. Нэг ч хүн халаагүй. Өөрийн хүсэлтээр гарсан ганц нэг хүн бий. Төрийн албан хаагчдыг сольчихоор ажил урагшилдаггүй юм. Ажилдаа дадсан хүн огт өөр. Одоо үед солилоо гэхэд дээр­дүүлэхгүй, улам муужруулна. Үнэнийг хэлэхэд одоогийн залуус нэг тоот бичихэд өгүүл­бэр бүрт үг алдаатай бичиж байна. Утга най­руулга гэж авах юмгүй. Тэрийг нь засч янзлаад суух боломж алга.

Өндөр хөгжилтэй орны хөгжил дэвшлийг сурч судалсан хүний хувьд  аймаг орон нутгаа ингэж хөгжүүлэх юмсан гэж зорьж төсөөлж явдаг зүйл юу байна?

-Асар их байна. Гэвч хууль эрхзүйн орчин болохгүй байна. Хэчнээн гоё санаанууд байгаад аймгийн Засаг даргад мэддэг юм, эрх мэдэл хүрэх зүйл гэж алга. Бүх дарга нарыг дээрээс томилдог, шийддэг. Аймагт үлддэг төсөв мөнгө гэж ховорхон.  Суманд байгаа нэг сургуулийн багшийн цалинг нэмж хасахыг сайд мэддэг. Ийм нөхцөлд яаж аймгийн дарга ажил хийх юм. Хууль эрхзүйн орчноо өөрчлөөд аймагт нь жаахан мэдэл өгөхгүй бол цаашид ийм маягаар яваад хөгжихгүй. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж байж хөгжинө. Ялангуяа, боомт тохижуулах эрхийг аймгийн Засаг даргад өгөх хэрэгтэй. Боомтоос орж ирж байгаа хураамжийн ядаж 40 хувийг боомтын захиргаанд өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/43868-2/ […]

2017 оны 5-р сарын 25

… [Trackback]

[…] Read More: zms.mn/43868-2/ […]

2017 оны 5-р сарын 25

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/43868-2/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *