2017 онд дэлхий дахинд болсон онцлох 12 үйл явдлыг нэрлэж байна

12-р сарын 27, 2017 9:19 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 29
ga

1. НҮБ-ЫН ШИНЭ ДАРГА ТОДРОВ

2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд Португалийн Гадаад яамны сайдаар ажиллаж байсан Антониу Гутерьеш гишүүн орнуудын олонхийн саналыг авч сонгогдлоо. Өмнөх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Муныг БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч болно гэж харах хүн олон байсан ч түүний төрөл төрөгсөд авлигын хэрэгт орооцолдсон гэсэн шуугиан дэгдсэн учир тэрээр нэр дэвшсэнгүй.

Одоо А.Гутерьешийн хувьд НҮБ-ыг шинэчлэх асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байна. НҮБ-ын шинэчлэлийн асуудал олон жилийн турш яригдаж байгаа ч өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байсаар байгаа билээ. НҮБ-ын хүнд суртал, санхүүжилт, дэлхийн янз бүрийн өнцөг буланд үүссэн зөрчлийг оновчтой шийдвэрлэж чадахгүй байгаа байдал, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын “вето” буюу “хориг” тавих эрхийн тухай гээд олон асуудал шийдлээ хүлээгээд байж байгаа билээ.

2. АНУ-ЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ АЖИЛДАА ОРОВ

2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, албан тушаалдаа оров. Тэрээр “Америк эн тэргүүнд”, “Америкийг дахин агуу гүрэн болгоно” гэсэн уриатайгаар ажлаа эхэлж, тэргүүн ээлжинд тус оронд хууль бусаар цагаачлагчдыг АНУ-аас хөөн гаргах, терроризмаас урьдчилан сэргийлэхийн тулд исламын шашинт Иран, Ирак, Ливи, Сири, Йемен зэрэг орны иргэдийг тус улсад нэвтрүүлэхгүй байх зарлиг гаргав. Мөн дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийг хичээж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын Парисын гэрээнээс болон Номхон далай дамнасан хамтын ажиллагааны гэрээнээс АНУ-ыг гаргах амлалтаа биелүүлсэн нь дэлхий нийтийг гайхашруулав. Түүний Б.Обамагийн үед баталсан эрүүл мэндийн шинэ тогтолцоог өөрчлөх гэсэн оролдлого нь бүтсэнгүй. 2017 оны наймдугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна. Аравдугаар сарын 12-нд АНУ нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага болох ЮНЕСКО-гоос гарна гэдгээ зарлав. Ерөнхийлөгч Д.Трамп татварын тогтолцоог шинэчилнэ гэсэн амлалтынхаа дагуу идэвхтэй ажиллаж, АНУ-ын парламентын Дээд, Доод танхим татварын багц асуудлыг хуульчлан баталсан нь сүүлийн жилүүдэд хийсэн татварын хамгийн том өөрчлөлт болов.

2017 оны сүүлчээр Дональд Трамп Иерусалим хотыг Израйлийн нийслэл гэж хүлээн зөвшөөрч АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авиваас нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь дэлхий дахин, түүний дотор Арабын ертөнцийн дургүйцлийг хүргэв. Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Палестинийн нийслэл гэж тооцогдох ёстой Өмнөд Иерусалимд өөрийн улсын ЭСЯ-ыг байршуулна гэж хариу мэдэгдэв. Тэрээр Истанбул хотноо Арабын 57 улсын төрийн тэргүүнийг урьж уулзан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дээрх бодлогыг эрс шийдвэртэй эсэргүүцсэн мэдэгдэл гаргав.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг боловсруулснаа зарлаж, ОХУ-ыг аюулгүй байдалдаа заналхийлэгч, БНХАУ-ыг өөрийн улсын эдийн засгийн гол өрсөлдөгч хүчин гэж тодорхойлов.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн энэ мэт үйл ажиллагаа, үйлдэл мэдэгдэл нь цаашид хэрэв өргөжин гүнзгийрвэл ирээдүйд ямар ч эрсдэл дагуулж болзошгүйг дэлхийн улс орнуудын нэг биш улстөрч анхааруулан хэлж бичиж эхлээд байна.

Нөгөө талаар тусгай үүргийн прокурор Р.Мюллерийн толгойлсон комисс ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон эсэх ялангуяа, Д.Трамп ба түүний сонгуулийн штабынхантай холбоотой байсан эсэхийг шалган тогтоох ажлыг явуулж байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. Р.Мюллерийн комисс ямар дүгнэлтэд хүрэхээс Д.Трампын хувь заяа шууд шалтгаална гэж хэлэх нь хэтрүүлсэн болохгүй.

3.ӨМНӨД СОЛОНГОС ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОВ

2017 оны гуравдугаар сарын  10-нд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г авлигын хэрэгт буруутган, “импичмент” буюу хугацаанаас нь өмнө огцруулах шийдвэр гаргаж албан тушаалаас нь буулгав.

Энэ нь гэнэтийн шийдвэр байсангүй. Харин Солонгосын ард түмний шударга шаардлагыг биелүүлсэн явдал байлаа. Авлигын хэрэгт холбогдсон, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж Ерөнхий­лөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан олон нийтийн цуглаан өмнө нь орон даяар давалгаалан өрнөсөн. Солонгосын ард түмэн ам, ажил хоёр нь нийлдэг жинхэнэ ардчиллыг хамгаалж чаддаг, авлига, хээл хахуультай эрс шийдвэртэйгээр хатуу тэмцэж чаддаг, Өмнөд Солонгост төр, засгийн бүрэн эрх ард түмний гарт байнга байдаг гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан юм.

Пак Гын Хэ Ерөнхий­лөгчийг огцруулсны дараагаар тус улсад  2017 оны тавдугаар сард шинэ Ерөнхийлөгчийн сон­гууль болов. Энэ сонгуульд Хойд Солонгосоос зугтан ирж БНСУ-д нутагшсан хүний хүү Мүн Жэ Ин ялав. Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн өмнөх сонгуульд Пак Гын Хэтэй өрсөлдсөн боловч багахан зөрүүгээр ялагдсан юм.

Хүний эрхийн хуульч мэргэжилтэй Мүн Жэ Ин сонгуулийн компанит ажлын явцдаа Хойд Солонгостой харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулна. Өмнөх Ерөн­хий­лөгчийн хатуу бодлогыг халж өөр­чилнө гэж ялж гарч ирсэн юм.  Тэрээр Өмнөд Солонгосын тусгай хүчинд алба хааж байсан хүн юм. Умард Солонгосын эсрэг Сөүлийн байр суурийг зөөл­лөж, Пхеньянтай хэ­лэлцээ хийх тухай Мүн Жэ Иний амлалт хараахан хэрэгжиж чадахгүй байна. Пхеньян цөмийн туршилт хийж, удаа дараалан баллистик пуужин харвасан нь түүнийг “мухардалд оруулсан” байж болох юм.

4. ЕВРОПТ БОЛЖ ӨНГӨРСӨН ГУРВАН ЧУХАЛ СОНГУУЛЬ

2017 оны гуравдугаар сарын 15-нд Голланд Улсад онцгой ач холбогдолтой Парламентын сонгууль болж, түүнд ялах магадлалтай байсан үндсэрхэг үзэлтэй Герт Вилдерсийн толгойлсон улс төрийн хүчин ялагдаж, тус улсын Ерөнхий сайд Марк Рюттегийн эрх баригч нам ялав. Ингэхийн тулд Ерөнхий сайд Марк Рютте гол өрсөлдөгч Герт Вилдерсийн популист санаануудыг өөрийн болгон “булаан авч” сурталчилгаандаа ашиглан ярьж эхэлсэн нь сонгогчид түүний төлөө саналаа өгөхөд чухал нөлөө үзүүлсэн байна.

2017 оны  дөрөвдүгээр сарын 23-нд Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт болж, “Урагшаа, Франц орон” эвслээс нэр дэвшсэн Эммануэль Макрон, Үндэсний фронт намын Марин Ле Пен нар хамгийн олон санал авсан нь Франц даяар шуугиан дэгдээв. Гэвч энэ хоёрын аль нь ч 50 хувь нэмэх нь нэг санал авч чадаагүй учир хоёр дахь санал хураалт явуулав.

Тавдугаар сарын 7-нд Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж “Урагшаа, Франц орон” эвслээс нэр дэвшигч Эммануэль Макрон ялав. Эммануэль Макрон 14-ний өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөж үүрэгт ажилдаа оров.

Есдүгээр сарын 24-нд ХБНГУ-д парламентын ээлжит сонгууль болов. Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Христийн Ардчилсан нам ялалт байгуулсан боловч Бундестагийн олонхийн суудлыг авч чадсангүй. Энэ сонгуульд “Германы шинэ зам” нэртэй Үндсэрхэг үзэлт нам харьцангуй олон суудал авсан нь Адольф Гитлерийн үеэс хойш тус улсад гараагүй сонин явдалд тооцогдов.

Ангела Меркель эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээг “Чөлөөт ардчилсан нам” болон Ногоон намтай хийсэн боловч удтал үргэлжилсэн хэлэлцээ “Чөлөөт ардчилсан нам” дүрвэгсдийн эсрэг хатуу байр суурь баримталж, тэр нь Ангела Меркелийн намын баримталсан байр суурьтай зөрчилдсөн учир үр дүнд хүрч чадсангүй. Ангела Меркель ба ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.Штанмайер нар мухардмал байдлаас гарах аргын талаар зөвлөлдөв. Саяхан Ангела Меркель Германы социал-демократ намтай Их эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хийж хоёр долоо хоногт багтаан дуусгаж болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

2017 оны зургадугаар сарын 8-нд Их Британийн парламентын ээлжит бус сонгууль болов. Ерөнхий сайд Тереза Мэйгийн санаачилгаар хийсэн сонгуулийн үр дүнд Консерватив нам олонхийн суудлаа бэхжүүлнэ гэж тооцсон ч байдал эсрэгээрээ эргэв. Гэхдээ Консерватив нам парламент дахь зарим суудлаа алдсан ч Ардчилсан юнионист намын дэмжлэгтэйгээр цөөнхийн Засгийн газар байгуулах боломжийг олж авав. Тереза Мэй Ерөнхий сайд Их Британийг Европын холбооноос гаргах асуудлыг зохицуулах хүндхэн хэлэлцээрийг Европын холбоотой хийж байна.

5. СИРИЙН ДАЙН ОХУ-ЫН ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨВ

Сири дэх дайн  2017 оны турш хүн төрөлхтний анхаарлын төвд байлаа.  2011 оноос эхлэлтэй иргэний дайны хөлд Сирийн хэдэн зуун мянга, саяар тоологдох иргэд нэрвэгдэж, олон арван хот тосгод газрын хөрснөөс арчигджээ. “Лалын Улс” тэргүүтэй террорист бүлэглэлүүд тус улсад өөрсдийн нөлөөг бэхжүүлэн олон арван түшиц газрыг булаан эзэлсэн. Тэдний түрэмгийлэл улам бүр өргөжин тэлэх болсны улмаас Сирийн Засгийн газар ОХУ-д хандан тусламж дэмжлэг хүсч, Оросын цэргийн сансрын хүчнийхэн 2015 онд Сирийн нутаг дэвсгэрт цэргийн баазад байрлаж, террористуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн юм.

АНУ тэргүүтэй эвслийнхэн Сирийн Засгийн газрын албан ёсны урилгагүйгээр “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаа явуулав.

Үүнтэй зэрэгцэн Казахстаны идэвхтэй зуучлалын ачаар тус улсын нийслэл Астана хотод Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн дугуй ширээний уулзалтууд хийж Сирид иргэний дайныг дуусгах талаар хэлэлцэж зарим тохиролцоонд хүрэв. Энэ уулзалтыг зохион байгуулахад ОХУ, Турк, Иран идэвхтэй үүрэг гүйцэтгэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирийн Ерөнхийлөгч Б.Асадтай Сирийн асуудлаар ОХУ-ын Сочид болон Сирид уулзаж санал солилцов. Түүнчлэн Иран, Туркийн Ерөнхийлөгч нарыг Сочид урьж Сирийн хямралыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

2017 оны  арванхоёрдугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сирийн Латаки мужид байдаг “Хмеймим”-ийн агаарын цэргийн баазад гэнэт ирж, “Исламын улс”-ын террористуудыг дарах үүргээ амжилттай биелүүлсэн тул Сириэс Оросын цэргийг гаргах болсон тухайгаа зарлав. Үүнийг олон улсын ажиглагчид Арабын Бүгд Найрамдах Сири улсад олон жилээр сунжран үргэлжилсэн дайн шувтарч, үүнд ОХУ чухал үүрэг гүйцэтгэв гэж дүгнэв.

Гэхдээ олон жилийн дайны хөлд өртөж их хэмжээний хохирол амссан Сири улсад цэрэг зэвсгийн хүчээр шийдэх боломжгүй асуудлууд, тухайлбал, тус орныг сэргээн босгох асуудал, Засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын харилцааг дахин дайн дэгдээлгүйгээр зохицуулах шаардлага зэрэг олон тулгамдсан асуудал шийдлээ хүлээж байна.

6. ХОЙД СОЛОНГОС ЗЭВСЭГЛЭЛЭЭР ХӨӨЦӨЛДӨВ

2017 оны долдугаар сарын 4-нд Хойд Солонгосын эрх баригчид “Хвансон-14” гэдэг алсын зайн баллистик пуужингийн туршилт хийв. Энэ пуужин  2802 метрийн өндөрт хөөрч,  933 км хол замыг туулж Япон тэнгист унажээ. Энэ нь зүүн хойд Азид тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэсэн бодлогогүй алхам, бүдүүлэг  өдөөн хатгалга мөн гэж Япон, БНСУ хүчтэй шүүмжлэв. АНУ өөрийн холбоотон БНСУ, Японыг хамгаална гэж мэдэгдэв.

Уг дуулиан намжаагүй байхад буюу  наймдугаар сарын 29-нд БНАСАУ-ын эрх баригчид “Хвансон-12” хэмээх пуужинг дахин харвасан нь Японы Хоккайдо арлын дээгүүр нисч өнгөрсөн байна.

Зөвхөн НҮБ төдийгүй Хойд Солонгостой харилцаа, хамтын ажил­лагаатай ОХУ, БНХАУ нь БНАСАУ-ын зэвсэглэлээр хөөцөлдөж буй энэ алхмыг буруушаан шүүмжлэв. БНХАУ хэд хэдэн  чиглэлээр хойд Солонгост хориг тавьж, түүнийгээ хэрэгжүүлж эхлэв.

Гэвч БНАСАУ дэлхий нийтийн дуу хоолой, улс орнуудын эсэргүүцэл шүүмжлэлийг эс хайхарч,  арваннэгдүгээр сарын 29-нд “Хвансон-15” гэдэг хамгийн сүүлийн үеийн, маш хүчирхэг, тив алгасан нисэх пуужингийн туршилтыг хийлээ. Энэ пуужин 4475 метрийн өндөрт хүрч, 950 км замыг туулж Японы Аомори аймгаас холгүй газарт далайн усанд унажээ. Энэ бол Хойд Солонгосын хувьд АНУ-ын газар нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужингийн туршилт болсон юм.

Оны эхээр Хойд Солонгостой холбоотой нэгэн сэжигтэй үйл явдал болж өнгөрөв. 2017 оны хоёрдугаар сарын 18-нд Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Уны хуурай ах болох Ким Ён Нам Малайзын нийслэл Куала Лумпур хотын нисэх буудалд сэжигтэй байдлаар амь үрэгдэв. Түүний амь насыг хороосон хэрэгт буруутган Вьетнам, Индонез гаралтай хоёр бүсгүйг баривчилсан ч захиалагч нь Хойд Солонгос гэж сэжиглэж байгаагаа Малайзын тал мэдэгдэв. Их удирдагч Ким Чен Ун өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байгаа нь энэ гэж дэлхийн нэг биш улс орны хэвлэлд бичжээ.

Умард Солонгос 2017 онд 20 удаа баллистик пуужин харваж, есдүгээр сарын эхээр устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Ийнхүү БНАСАУ зэвсэглэлээр улайран хөөцөлдөж дэлхий дахины, түүний дотор Ази тивийн амгалан тайван байдал, энхийн үйлсэд заналхийлэх болсон тул АНУ тэргүүтэй улс орнууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага хатуу чанга хориг хэмжээ авч байна. БНХАУ ч мөн адил Хойд Солонгосыг хамгаалж байсан байр сууриа өөрчилж түүний эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжив.

7. ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨСӨН Ч АМЖИЛТАД ХҮРСЭНГҮЙ

2017 оны есдүгээр сарын 25-ны өдөр Иракийн автономит Курдистан мужийн иргэд тусгаар улс байгуулах эсэх талаар бүх ард түмний санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон хүмүүсийн 93-97 хувь нь Иракаас салан тусгаарлахын төлөө саналаа өгсөн юм. Гэвч Ирак улс үүнийг үл зөвшөөрч цэргийн үйл ажиллагаа явуулан хориг тавив. Иракийн курдууд тусгаар тогтновол тэднийг дагаад Турк, Сирийн курдууд тусгаар тогтнож, Курдистан буюу курдуудын тусгаар тогтносон улс буй болох явдал бодитой байдал болно. Үүнээс олон улс орон айж байгаа тул курдуудын тусгаар улс болох хүсэл эрмэлзлэлийг дэмждэггүй билээ. Гэвч энэ тэмцэл цаашид үргэлжлэх нь тодорхой бөгөөд байдал хаашаа эргэхийг үйл явдлын өрнөл харуулна биз ээ.

Аравдугаар сарын 1-нд Каталони мужийн иргэд Испани улсаас салан тусгаарлах эсэх талаар бүх ард түмний санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролц­сон хүмүүсийн олонх нь Испаниас салан тусгаар­лахын төлөө саналаа өгсөн явдал Испанийн түүхэнд гараагүй том хямралыг бий болгожээ.

Мөн сарын 27-нд Каталонийн эрх баригчид Испаниас салан тусгаарласнаа мэдэгдэж Каталонийн Бүгд Найрамдах Улсыг зарласан ч Испанийн төв Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Каталонийн тусгаар тогт­нолын төлөө тэмцэгчдийг мөрдөн мөшгиж эхлэв. Каталонийг Испаниас салан тусгаарлах санал асуулгыг зохион байгуулсан Каталонийн Ерөнхийлөгч асан К.Пучдемон нар Бельги рүү зугтан тэнд орогнож байна. Испанийн шүүх К.Пучдемон нарыг хорих шийдвэрийг гаргаж, олон улсад эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ.

Арванхоёрдугаар сарын 20-нд Каталонид парламентын ээлжит сонгууль зарлан явуулав. Сонгуульд тус улсын 40 шахам нам өрсөлдөж Испаниас салан тусгаарлах үзлийг баримтлагч намууд нийлбэр дүнгээр ялав. Энэ хямралт байдал цаашид тодорхой хугацаанд үргэлжлэх нь тодорхой болов. Энэ байдлаас яаж, хэзээ гарах вэ гэдэг нь одоогоор тодорхой биш байна.

8. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ ОЛОЛТ АМЖИЛТУУД

2017 онд шинжлэх ухаан, технологийн салбарт нэг биш шинэ нээлтүүд гарав. 3D принтерээр хүний арьсыг хэвлэх боломжтой болсон нь үүний нэг тод жишээ юм. Хүний арьсны  эд эсүүд болон биологийн бүрдүүлэгч  хэсгүүд бүхий тусгай био бэхийг ашиглан хүний арьсыг нөхөх зориулалттай тө­хөөрөмжийг зохион бү­тээснээ Испанийн эрдэм­тэд  2017 оны эхээр зарлав.

Биомолекулыг хөдөл­гөөн дунд нь хөлдөөж урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй мо­лекулын үйл хө­дөл­­гөөнийг харах боломжийг судлаачдад олгосон криоэлектрон микроскопыг Швейцарь, Америк, Шотландын биофизикчид 2017 онд зохион бүтээв. Тэд энэ бүтээлээрээ 2017 оны химийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн байна.

Есдүгээр сарын 15-нд Санчир гаригийг 13 жилийн туршид тандан судалсан алдарт “Кассини” сансрын аппарат Санчир гаригийн агаар мандал руу орж үйл ажиллагаагаа зогсоов. “Кассани” хүн төрөлхтөн, шинжлэх ухаанд туйлын үнэ цэнэтэй олон зуун мэдээ мэдээлэл, гэрэл зургийг эх дэлхий рүүгээ илгээж дамжуулсан байна.

Дэлхийн ухаалаг гар утас үйлдвэрлэлийн зах зээл дэх “Аррle” компани 10 жилийн ойгоо тохиолдуулан 2017 оны намар “iPone X”, “iPone 8” болон “iPone 8 Plus” гэсэн ухаалаг гар утсаа нэгэн зэрэг танилцуулав. “Аррlе” компани түүхэндээ анх удаагаа ОLЕD буюу “Органик гэрэл ялгаруулах диод” дэлгэцтэйгээр гаргасан, дүрсний нягтрал сайн, нүүр таних систем бүхий “iPone X” нь дэлхийн ухаалаг гар утасны салбарын ирэх 10 жилийн хөгжлийг тодорхойлно гэж олон улс орны хэвлэлд бичиж байна. Харин цэнэглэгчийн доголдлын улмаас “Galaxy Note 7” ухаалаг гар утсаа өнгөрсөн онд дотоод, гадаадын зах зээлээс эргүүлэн татаж, багагүй алдагдал хүлээсэн Өмнөд Солонгосын “Самсунг” компани энэ онд алдагдлаа нөхөж, нэр хүндээ сэргээхээр “Galaxy S8”, “Galaxy S8 Plus” болон ““Galaxy Note 8” зэрэг технологийн орчин үеийн шийдэл бүхий бүтээгдэхүүнээ танилцуулж олны хүртээл болгожээ.

Арванхоёрдугаар сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удаан хугацаагаар хөдөлгөөнгүй зогсонги байдалд байсан Сарны хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэв. Ингэснээр АНУ-ын сансрын нисгэгчид саран дээр дахин буух магадлал өндөр болов.

9. 2017 ОН АЮУЛ ЗАНАЛ, АЙДАС ТҮГШҮҮРЭЭС  АНГИД БАЙЖ ЧАДСАНГҮЙ

2017 оны  хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни муж улсад их бороо орсны улмаас тус улсын хамгийн өндөр далан болох Оровиллын далан нурж, Калифорни муж улсад  200 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд хүрэв.

Дөрөвдүгээр сарын 3-нд ОХУ-ын Петербург хотын метронд террорист халдлага болж 16 хүн амь үрэгдэж, 87 хүн шархдав. Энэ халдлагыг Киргиз улсын узбек гаралтай ОХУ-ын иргэн Акбаржон Жалилов гэгч үйлдсэн нь тодорхой болов.

Тавдугаар сарын 22-нд Их Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 23 хүн амь үрэгдэж,  120 хүн шархдав. Энэ хэргийг Ливи Улсаас гаралтай Салман Рамадан Абеди гэгч үйлдсэн байна.

Тавдугаар сарын 28-нд Шри Ланк улсад аймшигт хөрсний гулсалт болсны улмаас 177 хүн амь үрэгдэж, 109 хүн сураггүй алга болов.

Тавдугаар сарын 29-нд Оросын нийслэл Москва хотод өмнө үзэгдээгүй хүчтэй хуй салхи гэнэт гарч 18 хүн амь үрэгдэж,  170 хүн шархадсан байна.

Зургадугаар сарын 3-нд Лондон хотын гүүрэн дээр Лалын алан хядагчид машинаар хүмүүсийг дайрсны улмаас найман хүн алагдаж, 10-аад хүн шархдав.

Зургадугаар сарын 7-нд Ираны Тегеран хотод Парламентын ордон болон Хомейнигийн бунхны дэргэд нэгэн зэрэг террорист халдлага болж 12 хүн амь үрэгдэж, 42 хүн шархадсан байна.

Зургадугаар сарын 14-нд Их Британийн нийслэл Лондон хотод байдаг Гренфеллийн цамхагт гэнэт түймэр гарч 79 хүн амь үрэгдэв.

Долдугаар сарын 17-23-ны өдрүүдэд Португал улсын Педроган-Гранде мужид тус улсын түүхэнд гараагүй томоохон ой хээрийн түймэр гарч  64 хүн амь үрэгдсэн байна.

Наймдугаар сарын 17-нд Испани улсын Барселон, Камбрильс хотод террорист халдлага болж  16 хүн амь үрэгдэж, 120 хүн шархдав.

Наймдугаар сарын 21-нд ОХУ-ын Дон дахь Ростов хотыг үл мэдэгдэх этгээдүүд галдан шатаасны улмаас 120 гаруй хуучны барилга үнс  болжээ.

Наймдугаар сарын 26-нд АНУ-ын Техас муж улс руу хүчтэй Харви гэдэг далайн хар салхи орж ирэв. Харви хар салхины улмаас дор хаяж  83 хүн амь үрэгдэж, АНУ-ын засаг захиргаа онц байдал зарлахад хүрэв.

Наймдугаар сарын 19-ний өдөр Мексикийн нийслэл Мехико хотоос  100 километр зайтай газарт 7.1 баллын хүчтэй газар хөдөлж  370 хүн амь үрэгдэж,  6000 гаруй хүн шархдав.

Аравдугаар сарын 1-нд АНУ-ын Невада муж улсын Лас Вегас гэдэг зугаа цэнгэлийн хотод Стивен Педдок гэгч этгээд “Мандалай Бэй” зочид буудлын 32 дугаар давхрын цонхоор шөнө оройн тоглолт үзэж байсан энгийн номхон иргэд рүү гал нээсний улмаас 59 хүн амь үрэгдэж,  500 гаруй хүн шархаджээ.

Аравдугаар сарын 14-нд Африк тивийн Сомали улсын нийслэл Могадишо хотод машинд суурилуулсан хүчтэй бөмбөг дэлбэрснээр  350 хүн амь үрэгдсэн байна.

2017 он аюул занал, айдас түгшүүр, терроризмаас ангид амгалан тайван жил байж чадсангүй.

10. ХЯТАДЫН ОНЦЛОГТОЙ СОЦИАЛИЗМ БУЮУ СИ ЖИНЬПИНИЙН ЭРИН ҮЕ

2017 оны аравдугаар сарын 18-24-нд Бээжин хотноо Хятадын коммунист намын /ХКН/ ХIХ их хурал болов. БНХАУ-ын дарга Си Жиньпин  “Хятадын онцлогтой социализмын  шинэ эрин үе” эхэлснийг улс төрийн илтгэлдээ зарлан тунхаглав.

ХКН-ын ХIХ их хурлаар баталсан ХКН-ын бичиг баримтад “Си Жиньпинийн үзэл санаа” гэсэн нэр томъёо оржээ. Энэ нь Хятадын удирдагч Си Жиньпин Мао Зедунаас хойш “Хятадын хамгийн хүчирхэг удирдагч” болсныг нотлов.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд БНХАУ эдийн засгаа дэлхийн дунджаас бараг гурав дахин /7.2 хувь/ илүү хурдтайгаар өсгөж, 60 сая иргэнээ ядуурлаас гаргажээ. 1.4 тэрбум хүнтэй Хятад улс 2020 он гэхэд дахин 40 сая иргэнээ ядуурлаас ангижруулах зорилт дэвшүүлжээ. 2050 он гэхэд дэлхийд тэргүүлсэн хүчирхэг Хятад орныг бүтээн байгуулна гэж мэдэгдсэн байна.

11. ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

2017 оны арваннэгдүгээр сарын 7-нд Октябрийн социалист их хувьсгалын 100 жилийн ой тохиов. ОХУ-ын нийслэл Москва хотноо баяр ёслолын арга хэмжээ, жагсаал цуглаан болсон байна. ОХУ-ын бусад хотод ч бас жагсаал цуглаан болжээ.

БНХАУ, Вьетнам, Куба зэрэг дэлхийн зарим оронд уг ойг дурсан тэмдэглэсэн тухай олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлэв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Карл Марксын “Капитал” зохиол хэвлэгдэн гарсны 150 жил, Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд зориулсан эрдэмтдийн дугуй ширээний ярилцлага болсон байна. Эрдэмтдийн дугуй ширээний ярилцлагын гол дүгнэлт Октябрийн хувьсгал шууд нөлөөлснөөр 1921 онд Монгол Улсад Ардын хувьсгал ялсан, мөхөж байсан монголын ард түмэн сэргэн мандах нөхцөл бүрдсэн. Монгол Улс тусгаар тогтносон улс орон болж, монголчууд европын соёлд ойртон хүн төрөлхтний хөгжилтэй алхаагаа нийлүүлэх боломжтой болсон аж. Арга хэмжээг МАХН зохион байгуулжээ.

12. 93 НАСТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ 37 ЖИЛ СУУСАН СУУДЛААСАА ОГЦРОВ

2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд Африк тивийн Зимбабве улсад төрийн эргэлт болов. Тус улсыг 37 жил удирдсан 93 настай Ерөнхийлөгч Роберт Мугабег өөрийн эрх мэдлийг эхнэртээ шилжүүлж өгөхийг санаархсанаас уг үйл явдал үүсч, улс төрийн нам хүчнүүдийн хүчтэй эсэргүүцэл тэмцэлтэй тулгарсан байна. Үр дүнд нь цэргийнхэн төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч Роберт Мугабег огцруулжээ. Энэ түүх аливаа дарангуйлагч заавал огцордогийг дахин нотлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *