2016 оны УИХ-ын хаврын чуулган эхэллээ

4-р сарын 5, 2016 12:10 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 124
DSC_2964

Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулган болох Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2016.04.05/ 9 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр үйл ажиллагаагаа эхэллээ.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлаас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, мөн улс төрийн намуудын төлөөлөл, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүн нар оролцов.

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган нь энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтойг тэмдэглээд хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар дурдав.

Улсын Их Хурлын дарга цааш нь “Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлт дээр Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. УИХ-ын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан.

DSC_2929

Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэ компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. ММС болон Энержи Ресурс компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.

Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг ч дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх ММС компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад УИХ-ын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр болж чадсан байна” гэдгийг онцоллоо.

Тэрбээр Тавантолгойн нүүрсний ордыг Монгол Улс цаашид хэрхэн ашиглах тухайд:

Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай.

Харин Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна.

Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй юм гэлээ.

Мөн тэрбээр эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв анхаарал татаж байна. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оныг хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ.

Монгол Улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголтыг зориудаар тарааж байгааг буруушаагаад “Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай улайран маргалдаж суух нь утгагүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардсан нь ч үнэн. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөрзамгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна“ гэдгийг онцлон дурдав.

Түүнчлэн эдийн засгаа олон тулгууртай болгох чиглэлд улс төрийн намууд идэвхтэй хамтран ажиллаж, өнөөгийн бодлогыг улам боловсронгуй болгож,эрчимтэй хэрэгжүүлэхийг уриаллаа.

Улсын Их Хурлын дарга хаврын чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдэхэд хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд болон чуулганы нээлтэд оролцсон зочид төлөөлөгчид босч хүндэтгэв.

DSC_3042

Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 41 дүгээр захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар асуудлын асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

1/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

7/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;

11/Худалдааны тухай хуулийн төсөл;

12/бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар Улсын Их Хурлын гишүүдээс хүргүүлсэн хууль, тогтоолын төсөл, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

Чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах бол үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороод хуралдана гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *