1700 орчим хүүхдэд тухтай хичээллэх орчин алга. Яах вэ сайд аа

9-р сарын 12, 2012 11:38 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 164

Э.ОРХОНСҮРЭН

 

Хүмүүнлэг, ардчилсан нийгэмтэй хэмээн цээ­жээ  дэлддэг манай улс харин ч эсрэгээрээ хүүхдийн эрх үүргийг умартсан, хатуу харгис улс болж хувирчээ. Ингэж хэлэхийн учир нь хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад бага насны хоёр хүүхэд  томчууд бидний хэнэггүй тэнэг  бас  болгоомжгүй үйлдлээс болж хорвоог  орхин одлоо. Айлд аз жар­гал бэлэглэх бяцхан үрс  аав, ээжтэйгээ хөтлөлцөөд явж байхдаа, аль эсвэл гадаа гудамжинд тоглоод явж байхдаа амь эрсэддэг болж.  Хэдийгээр гай зов­лон хэлж ирдэггүй,  хийсч ирдэг гэдэг ч  түүнээс бид сэргийлж  бас болмоор санагдах юм.

Тун энгийн нэг жи­шээг дурьдая. Хичээлийн шинэ жил эхлэхэд сур­гууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил бүрэн дууссан байх ёстой. Гэтэл  зарим сургуулийн засва­рын ажил одоог хүртэл дуусаагүй байна. Хичээ­лийн шинэ жилээ будаг, шохой үнэртсэн саарал орчинд угтаж байгаа хүүхэд олон байна Энд эрүүл мэнд, харшил энэ тэр гэж яриад ч бүр хэ­рэггүй байх. Яагаад гэвэл, сургуулийнх нь засварын ажил хугацаандаа дуусаа­гүй гээд  өөрийнхөө сургууль дээр ч хичээллэж чадахгүй өөр сургууль руу нүүж, таньж мэдэхгүй анги танхим “царайчлаад” сууж байгаа хүүхэд олон байна. Монгол III сургуу­лийн 1700 орчим хүүхэд иймэрхүү маягаар хичээл­лээд хоёр долоо хонох гэж байна. Тэгэхдээ бүр дунд, ахлах ангийнхан нь  нэг тийшээ, бага ан­гийнхан нь бас нэг өөр сургууль дээр хичээллэж байна. Боловсролын сал­ба­рынхан анги танхим хүрэлцэхгүй, сургуулийн даац хэтэрч байна гэж яриад олон жилийн нүүр үзэж байгаа. Гэтэл энэ жил ч бас үүнийгээ ярьсаар л сууна. Дараа дараачийн анги нь орох гэж яараад, ямархуу орчинд тэд  юу сурч байгаа бол. Ямартай ч үзсэн хичээлээ хүүхэд бүр ойлгож байгаа гэдэгт итгэхэд бэрх байна. Тус сургуулийн байр нуралт өгч, ганхаж эхэлсэн, ба­рил­гын стандарт шаард­лагыг хангаагүй гэсэн шалтгаанаар эрхэм дарга  нар өнгөрсөн хавар ийм нэг шийдвэрийг гар­гасан байх юм. Харин үүнийг нь цаг, үеэ олсонгүй гэж эцэг,  эхчүүд шүүмжилж байна. Тиймээс бид энэ удаа тус сургуулийн сурагчидтай уузаж, холбогдох албаны хүмүүсээс дараах мэдээл­лийг тодруулсан юм.

 

ЗАРИМ ХҮҮХЭД СУРГУУЛИАСАА ШИЛЖСЭН

 

Монгол III сур­гуулийн захирал Б.Болормаа: 

-Шинэ хичээлийн шил дөнгөж эхэлж байхад яа­гаад хүүхдүүдээ нүүлгэж өөр сургуулиудад хувааж хичээллэх болов?

-Манай сургуулийг буулгах, хичээллэж болох­гүй гэх дүгнэлтийг дөрөв­дүгээр сарын 6-нд Нийс­лэлийн мэргэжлийн хянал­тын байцаагч  А.Мяг­­маржав гаргасан. Тухайн үед хичээл амрах дөхөж байсан учраас энэ хичээлийн жилээ дуус­гаад зун барилгын ажил эхлэх юм байна гэж ойл­гож байсан ч удааширсаар өнөөдрийг хүрлээ. Хэзээ буулгах бол гэж зунжин харсаар багш нар ч амарч чадаагүй. Ингээд хичээ­лийн шинэ жил эхлэх гээд яах учраа олохгүй байсаар нийслэлийн Боловсролын газрын даргыг ажлаа аваад хоёр хонож байхад нь  бидний асуудлыг ший­дэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж өгсөн. Ингээд маргааш нь бидэнд дөрөв болон 16 ду­гаар сургууль дээр хувааг­даж ор гэсэн шийдвэрийг хэлсэн. Ин­гээд дөрөвдүгээр сур­гуульд бага анги, 16 дугаар сургуульд ахлах дунд ан­гийн хүүхдүүд хичээллэж байна.

-Одоо нэгэнт хичээл эхэлчихлээ. Энэ жил өөрийн байрандаа хичээл­лэх боломж байгаагүй юм уу?

-Бид энэ тухай хэлж үзсэн. Нуралт өгч, ганхаад байгаа гуравдугаар давх­раа хаагаад өөрийн бай­ран­даа хийчээллэе. Заавал хоёр сургуульд хуваагдаж хичээллэх хэрэг байна уу гэсэн хүсэлт гаргасан. Гэвч Мэргэжлийн хянал­тын байцаагчын дүгнэл­тээр энд олон хүүхэд хичээллэж болохгүй нуралт өгнө гэсэн акт гар­сан. Ингээд энэ дүгнэлт гарснаас хойш манай дээр хэд хэдэн удаа хүмүүс ирж газар доорх цэвдгийн хэм­жээг үзээд явсан. Ингэж явсаар өдийг хүрлээ. Олон хүүхдийн амь нас, эрсдлийг бодоод өөрсдийн байрандаа энэ жилдээ хичээллэе гэсэн хүсэлт гаргасан боловч ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн.

Хотын төвийн сургуу­лиудын анги танхим хүрэл­цэхгүй, даац хэтэрч байна гэж яриад байдаг.  Тухайн сургуулиудын анги танхи­мын хүрэлцээ хэр байна. Нэг дор хичээллэх сана­лыг чинь нөгөө сургуулийн удирдлагууд яаж хүлээж авсан бэ?

-Манай сургууль 1700 орчим сурагчтай. Тухайн сургуулийн удирдлагууд бидний бэрхшээлийг ойл­гож, нааштай хүлээж ав­санд маш их баярлаж бай­гаа. Тэд бидэнд болол­цооныхоо хэрээр зай, анги танхим гаргаж өгсөн. Одоогоор бага анги хоёр ээлжээр, дунд болон ахлах анги гурван ээлжээр хичээллэж байгаа.

-Танай сургуулийг хуваагдаж орж байгаад эцэг, эх, хүүхдүүдийн зүгээс хэр гомдол ирж байна. Хүндрэл учирч байна уу?

-Зарим сурагч хоёр гурван зам гарч байна гэсэн шалтгаанаар шил­жих тохиолдол гарсан. Гэхдээ 90 хувь нь сур­гууль­даа үлдээд удахгүй шинэ хичээлийн байртай болно гэсэн хүсэлтэй байгаа. Тиймээс бид эцэг, эх болон сурагч­дын­хаа сэтгэл санааг өргөх үүднээс шинэ хичээлийн жилээ улаан хивсний баяраар нээсэн. Урьд өмнө нь Монголд ерөнхий бо­ловс­ролын сургууль улаан хивсний баяр хийж байсан тохиолдол байхгүй. Энэ нь тэдэнд урам зориг өгсөн. Мөн үе үеийн ахмад багш удирдлагуудаа урьсан нь хүүхэд багачууд болон эцэг, эхчүүдэд сэтгэлийн дэм өгсөн гэж ойлгож байгаа. Энэ нь хүүхдүүд 91 жилийн түүхтэй сургуу­лиараа бахархах эндээ үлдээд хичээлдээ суух хүсэл төрсөн байх.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *