150 сая ам.долларын сургаар “Ноён ногоон” номхров

8-р сарын 25, 2015 10:00 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 43
8-25-5

Д.ОЮУНЧИМЭГ

Монгол Улс сард 100 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Тиймээс эдийн засагт мөнгө орж ирэхгүй бол байдал улам хүндэрнэ хэмээн эдийн засагчид сануулсаар байгаа юм.

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХУГАЦААНД НЬ ТАВИНА

Төсөв хүндэрч, данс улайвал нэн түрүүнд төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж олгогдохгүй. Хэдийгээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтворжих хандлагатай байгаа ч эдийн засгийн хүндрэл бүрэн арилаагүй гэдгийг албаныхан хэлж байгаа. Тэгэхээр сульдаатай эдийн засаг хэвээрээ гэсэн үг. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс багагүй зөрүүтэй гарсныг мэргэжилтнүүд онцолж байна. Жишээ нь 535.6 тэрбум төгрөгөөр доогуур байгааг Сангийн яамнаас мэдээлэв. Мөн санхүүжилт 1.2 тэрбум төгрөгөөр дутжээ. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүй болох вий гэх болгоомжлол хүмүүсийн дунд бий. Харин үүнийг албаныхан үгүйсгэж цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь тавина гэнэ.

ГЭНЭТИЙН ЗҮЙЛ ОГТ БИШ

Ер нь эдийн засгийн хүндрэлтэй байдал гэнэт бий болсон зүйл биш. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт болон үнэ 2012 оны сүүлийн хагасаас тогтмол буурч байгаа нь манай эдийн засагт 2013 оны төгсгөлд хүчтэй мэдрэгдэж эхэлсэн. Тиймээс энэ оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцох хэрэгтэй  гэж буй. Мөн төсвийн тодотголоор төсвийн орлогын төлөвлөгөөг 527.4 тэрбум төгрөгөөр, зарлага санхүүжилтийг 556.4 тэрбум төгрөгөөр бууруулж, төсвийн бодлогыг чангаруулсан нь оны эхнээс үүсч болох эрсдлийг бууруулсан гэх мэдээллийг Сангийн яамнаас өгөөд байна.

ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ГИЙЖЭЭ

Эдийн засгийн үзүүлэлтүүд нүүр буруулсан энэ цаг үед гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь хонгилын үзүүрт гэрэл асч байгаагийг илрэл хэмээн мэргэжилтнүүд хэлсэн. Эдийн засаг хүндрэлтэй байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөв, мөнгөний хэт тэлэлтийг хязгаарлаж, төлбөрийн тэнцлийн хямралыг арилгах арга хэмжээ авсны дүнд нийт эдийн засгийг огцом агшилтаас сэргийлж чадсан байна. Саяхныг хүртэл урсгал дансны алдагдал ДНБ-ий 27 хувьд хүрч байсан. Харин энэ үзүүлэлт  оны эхний хагас жилд 6.4 хувь болж буурчээ.

Мөн гадаад худалдааны тэнцэл жилд хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол өдгөө 604 сая ам.долларын ашигтай болсон байна. Энэ мэтчилэн эдийн засагт шаардлагатай тохиргоог хийснээр макро эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарчээ.

ХЯМД ЭХ ҮҮСВЭРТЭЙ САНХҮҮЖИЛТИЙН ЭРЭЛД

Гадаадын шууд хө­рөнгө оруулалт буурсан үед Засгийн газраас өрийн хязгаарт багтаан олон улсын зах зээл дээрээс дотоодын банк, санхүүгийн бай­гууллагуудтай хамтран нэг тэрбум гаруй ам.дол­ ларын хөрөнгө босгох эх үүсвэрийг энэ ондоо багтаан бүрдүүлэх шаардлагатай. Гэхдээ хямд эх үүсвэр байх учиртайг албаныхан хэлж байна. Тиймээс энэ зорилгоо биелүү­лэхийн тулд эхний ээлжинд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бэлтгэлийг хангасан тухай Сангийн яамнаас мэдээлсэн. Түүнчлэн Засгийн газраас хувийн хэвшлийг гадаад зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэх нь валютын нөөцийг нэмэгдүүлж, ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буй ажээ.

ХҮЧЛЭХГҮЙ, ГЭХДЭЭ…

Нэг ам.доллар, 2002 төгрөгт хүрч хэсэгхэн зуур хүмүүсийг бухимдуулаад амжсан. Гэвч тийм ч урт насалсангүй. Магадгүй удсан бол Засгийн газар ханшийг хүчээр буулгах хэрэгтэй гэх байсан биз. Гэхдээ ханшийг хүчээр буулгахаас илүү макро эдийн засгийн зохистой бодлого явуулах нь зүйтэй гэдэг. Тиймдээ ч хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх замаар валютын ханшийн дунд, урт хугацааны тэнцвэрт эергээр нөлөөлөх бодлого баримталж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Ноён ногоонд дарлуулж, төрийн данс улайх вий гэх айдас ард хоцорсныг мэргэжилтнүүд хэллээ. 150 сая ам.долларын сургаар АНУ-ын мөнгөн тэмдэгт хүчээ сулруулж байх шиг. Тиймээс тун удахгүй эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд ши­лээ даран гарах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 5

Compra Cialis Generico En Espana Lamotrigine Pharmacy In Canada generic 5mg cialis best price Amoxicillin Chewable Tablets Food Interactions Compra Levitra 10 Mg Estrace Wirkstoff

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *