109 хүний амь хөнөөсөн барилгын компаниудыг зарлая

9-р сарын 24, 2012 1:59 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 205

Б.ОНОН

 

Улаанбаатарынхан ай­дас­тай байна. Хотын гудамжаар алхах гэхээр толгой дээрээс тоосго, төмөр, эсхүл барилгачин унаад ирэх аюултай. Ма­шин унаатай зорчихдоо зэрэгцээд давхиж яваа цемент зуурагч машин, урт урт ачааны тэргийг ха­жуул­дахдаа дараад уна­чи­хаж магадгүй хэмээн айж бэмбэгнэсэн, нэг л түг­шүүртэй амьдарч байна.

Хүмүүс айхдаа маши­ны жолооч, барилгын даам­лыг буруутган нүүр нүдгүй загнана. Яг үнэн­дээ хөөрхий тэд чинь мань­тайгаа адил таван цаас олж, амь зуухаар л ажиллаж яваа ажээ. Ха­рин сүүлийн хэдэн жил сүр­хий газар аваад байгаа энэхүү барилгын биз­несийг  эрхлэгчид, өөрс­дийнх нь хэлдгээр “Захир­лууд” энэ бүхний бу­руу­тан ажээ.

Захирлууд бага зард­лаар орон сууц, оффисын барилга барин, түүнийгээ асар өндөр үнээр бор­луулна. Өөрөөр хэлбэл, тэд бизнесээсээ маш их ашиг олдог. Зүгээр л хар ухаа­наар бодъё. Алхам тутамд тааралддаг барилгуудыг нэг ажиглаад үзээрэй. Ба­рилгынхаа “рам”-ыг л цементээр цутгаж байх шиг. Тэгээд блокоор дүүр­гэлтээ хийж, гадуур нь хөөсөнцрөөр зузаална. Хам­гийн сүүлд өнгө шавар хийгээд, нүдэнд дулаавтар өнгөөр будчихна. Мэдээж хэрэг, суурь энэ тэрээ цутгаж л таарах байх л даа. Ер нь бол иймэрхүү эн­гийн байдлаар өнөөдөр ба­ригдаж буй нийт ба­рил­гын 90, түүнээс дээш хувь нь баригдаж байна. Хараад байхаар мань мэт ч тиймэрхүү барилга өр­чихмөөр.

Ийм ядруухан чанар­тай барилга барихдаа ба­рилгачдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангана гэсэн ойлголт ёстой үгүй. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 18 дугаар сур­гуулийн дэргэдэх барил­гын осол болонгуут ба­рилгын компанийнхан барилгачиддаа хамгаалал­тын малгай тарааж өгсөн байдаг. Түүнээс өмнө тэнд ажиллаж байсан барилга­чид тэр малгайны барааг ч хараагүй байж.

Хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн нэр томъёог сонсохоор нэг л их албаны хэллэг, бичиг цаасны ажил мэт Захирлууд хий­гээд барилгын ажилт­нуу­дад сонсогддог байж ма­гад­гүй. Тийм биш. Зүгээр л, гэнэт тараасан хамгаа­лал­тын малгайгаа цаг үр­гэлж ба­рилгачдад  өмсгөх, өмсө­хийг шаар­дахыг л хэлдэг аж. Энэ бол эхний алхам. Аюулгүй байдлыг хангуу­лахад нэг их зардал га­рахгүй гэж байгаа. Олж байгаатай нь харьцуулбал мянганы нарийвчлалтай тоо, зардал гарах аж.

Үүнийг хангадаг­гүй­гээс барилгаас шалтгаал­сан хүн амины хэрэг сүү­лийн хэдэн жил цөөн­гүй гарч. 2007 оноос хойш 109 хүн барилгын ажилтай холбоотойгоор амь насаа алджээ. Цөөхүүлээ Мон­голд хэчнээн их тоо болох нь ойлгомжтой.

Бид есдүгээр сард гар­сан хэдэн ослыг мэдээд л айж, түгшүүр төрж байгаа болохоос иймэрхүү байд­лаар эрдэнэт хүний амь эрсэдсээр ирсэн аж.

109 хүний амь гэдэг мөнгөөр лав үнэлэмгүй. Ер нь юугаар ч үнэлэх бо­ломж­гүй. Гэтэл нэг бус хү­ний амь хөнөөсөн ба­рил­гын компанийн захир­лууд барилгаа барь­саар. Ашгаа олсоор. Элдэв янзын “Шил­дэг” гэсэн өргөмж­лө­лөөр булуулсан бүдүүн захирлууд энд тэнд ба­рилгын ажил эхлүүлэн, хэчнээн ашиг олохоо тоо­ны машинд хийсэн шиг сууж буй.

Тиймээс 2007 оноос хойш хүний амиар “наад­сан” барилгын компа­ниудыг нийтэд зарлая. 109 эрдэнэт хүний амийг хэ­дэн компанийн захирал авч одож вэ гэдгийг ард олон мэдэг. Бас тэд ч гэсэн бидэн шиг дээрээсээ, дэр­гэдээсээ айж яваг.

Нөгөөтэйгүүр хүний хөдөлмөрлөх, амьд явах нөхцлийг хангахгүй, маш их мөнгөний тоо зүүдэлсэн эрхмүүдээр заавал барил­га, орон сууцаа бариулаад байх шаардлага алга.

Хотын удирдлагуудад нэг зөвлөгөө гэх үү дээ. Үүнийг бичигч миний бие Дархан-Уул аймагт томи­лолтоор ажиллаад өчиг­дөр­хөн ирэв. Тэндхийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа н.Ганбаатартай ярилцаж суух завсар нэгэн санаа хэлснийг нь дам­жуулъя гэж бодлоо.

Өнөөдөр нийслэлд өч­нөөн төчнөөн шаардлага хангахгүй барилга байна. Тэр барилгаас хүн унав, энэ барилга нурав. Ийм мэдээг өдөр бүр сонсгож, хэрүүл хийж нервээ барж байхаар ганцхан захи­рамж хэрэгтэй байна.

Ганц удаа л дээрх шиг алдаа гаргаж, бас шал­галтаар дутагдал илэр­вэл Тусгай зөвшөөрлийг нь барьж буй барилгатай нь хурааж аваад, өөр чаддагт нь шилжүүлж байя. Ин­гэх­дээ авлигад өгснөөс бу­сад зардлыг нь ажил үр­гэлж­лүүлэх компаниас гар­гуулж өгөөд, чаддаг­гүйг нь барилгын ажлаас чө­лөөлдөг байвал өнөөд­рийн энэ айдас хүйдэс да­рагдаж, басхүү чанар­тай барилгууд нийслэлд сүн­дэрлэж мэдэх юм.

Түүнээс бус барилгыг нураана, хураана хэмээн сэдэв олж явсан зарим намд улстөр хийх боломж олгоод байгаа нь олон нийтэд тийм ч зохистой бус харагдаж буй.

Энэ мэтчилэн хүний амь хохироосон олон ком­панийг нийтэд зарлаж, хохироох гээд байгааг нь ажиллуулахаа больж байж, мань мэт нь Үндсэн хуулиар олгогдсон амьд явах хийгээд амар тайван амьдрах эрхээ сая нэг эдлэх боломж бүрдэх ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *