100 мянган хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг санууллаа

9-р сарын 12, 2018 9:03 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 13
9-12-4

С.УЯНГА

Засгийн газар, МҮЭХ-ны үл ойлголцлоос болж хүүхдүүд сургууль завсардаад долоо хонож байна. Багш нар цалингаа 50 хувиар нэмүүлнэ гэж гүрийж байгаа бол Засгийн газраас эдийн засгийн боломжгүй гэх тайлбарыг өгсөөр ийнхүү эсэргүүцэл сунжирч, сүүлдээ жагсаал цуглаанаар үргэлжилж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан ёсны мэдээллээр өчигдрийн байдлаар 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаяад байна.Үүнээс 56 нь нийслэлийнх, Сүхбаатарт гурав, Сэлэнгэд дөрөв, Дорноговьт таван сургууль байгаа бол 18 цэцэрлэгийн долоо нь нийслэлийнх, 11 нь Дорноговийнх байгаа аж.

Өөрөөр хэлбэл, эдгээр сургууль, цэцэрлэгт сурч байгаа сурагчид сурах, хөгжих язгуур эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээнээс  мэдээлснээр багш нарын ажил хаялтын улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж байгаа аж.

Багш нар ажил хаяснаар боловсролын үйлчилгээг үнэ, төлбөргүй хүртэх эрхтэй хүүхдүүд хохирч байгаагийн хариуцлагыг хэн үүрэх ёстойг хүүхэд хамгааллын байгууллагууд энэ үеэр хөндлөө. Тодруулбал, Засгийн газар болон багш нарын үл ойлголцлоос болж хүүхэд хохирч буй энэ тохиолдолд хариуцлага хүлээх эзнийг тодорхой болгох ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу бол олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй тал хариуцлага хүлээх ёстой байдаг гэлээ. Тэгэхээр багш нарын ажил хаялтаас болж сурч, боловсрох, хөгжих эрхээрээ барьцаалуулаад буй хүүхдүүд болон нөгөө талаас багш нарын ажил хаясан өдрийн хөлсийг зохион байгуулж байгаа тал буюу МҮЭХ төлөх ёстой болж таарч байна.

Хамгийн гол нь ажил хаялтын улмаас хүүхдүүд эрсдэлт нөхцөлд байгааг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Хүүхдийн хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн: ХӨГЖИХ ХЭВИЙН ОРЧИН АЛДАГДСАН БОЛ ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙНА ГЭЖ ҮЗНЭ

-Монгол Улс ямар ч үед хүүхдийн эрхийг бүрэн хамгаалахаар олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Хүүхдийн амь нас аюулгүй байдлын талаар Монгол Улсын хүүхэд хамгааллын үндэсний хуульд тодорхой зааж өгсөн байдаг.  Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д зааснаар “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, хөгжих хэвийн орчин алдагдсан, хууль ёсны эцэг, эх асран хамгаалагчгүй, гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ” гэсэн байдаг. Эндээс харвал аав,  ээж нь ажилдаа явсан. Харж халамжлах хүнгүй, сурч хөгжих орчин алдагдсан, халаалт дулаан нь хангалттай бус гэр, орон сууцанд хашигдаж байгаа хүүхдийг ямар нөхцөлд байна гэж дүгнэх вэ. Багш нарын ажил хаялтын цаана хүүхдийн эрхийн асуудал давхар яригдаж байна. Жил гаруй үргэлжилсэн багш нарын ажил хаялтад бид дуугуй өнгөрч байсан, гэтэл БСШУСЯ-ны гаргасан сургууль, цэцэрлэгүүдийн тоо болон хугацаагүй ажил хаялт зарлалаа гэсэн мэдэгдэлд дуугүй өнгөрч болохгүй. Ажил хаялттай холбоотойгоор хүүхэд өдрийн цагаар эзгүйдэж, эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ ажил албандаа дагуулах, гэрт нь цоожлох, хүүхдийг харах хүнгүй үлдээх, ажлын цагт хоцрох, бүтээмж буурах, цалин хөлсний маргаанд орох зэрэг цөөнгүй асуудал гарч байна.

Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо: АЖИЛ ХАЯЛТЫГ ЗОГСООХЫГ ХҮСЧ БАЙНА

-Багш нарын ажил хаялтыг урьдчилж тооцоолоогүйн үр дүнд маш хүнд нөхцөл байдал үүсээд байна. Боловсролын үйлчилгээ хэвийн байдлаа алдаж, тасалдаж байгаа энэ нөхцөлд хүүхдийн асран хамгаалал, аюулгүй байдал, тэдний дээд эрх ашиг болон хөгжих эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн зүгээс Засгийн газрыг ажил хаялттай холбоотой асуудалд оновчтой шийдэлд хүрч, хурдан шийдвэрлэж зогсоож өгөхийг хүсч байна. Сургууль бүрт сайн дурын үндсэн дээр байгуулагдсан эцэг эхийн зөвлөл гэж байдаг. Яг энэ үед эцэг эхчүүд хамтран хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгахгүй, хүүхдийг хамгаалагдах, сурч хөгжих нөхцөл байдлыг хангахын тулд арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.

Хүүхэд хамгааллын байгууллагуудын мэдээлснээр 100 мянган хүүхдийн сурах, хөгжих зөрчигдөж хүүхдүүд эрсдэлт нөхцөлд орж буй учраас ажил хаялт зогсох хүртэл хугацаанд хүүхэд хамгааллын асуудлаар хэд хэдэн уриалга дэвшүүлж буйгаа хэллээ. Уриалгад “Хэрэв сурагч эрсдэлт нөхцөлд орсон бол 108 дугаарт холбогдох, харьяа цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн  хүүхдэд зориулсан урлаг, соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй болгох, музей, үзвэр үйлчилгээ, сүм хийд болон хувийн хэвшлийн байгууллагууд хамт олон компаниуд нийгмийн хариуцлагаа өндөржүүлж, хүүхдэд зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ нээх” зэргийг онцолсон байв.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ болон багш нарын төлөөлөлтэй зөвшилцлийн ширээний ард суусан ч үр дүнд хүрч чадсангүй. Багш нарын ажил хаялт хугацаагүй гэх сүрдүүлгээр улам өргөжиж, даамжирч байна. Тиймээс Засгийн газар, МҮЭХ-ны маргааны хөлд үрэгдэж наад зах нь сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж байгаа сурагчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ. Тэдний дуу хоолойг нийгэмд хэн түгээх вэ.

Цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаад байгаа багш нар Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг нарт энэ асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардаж өчигдөр албан бичиг илгээжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *